Зөвшөөрөлгүй ажиллаж, улсын эрх ашигт хохирол учруулахуйц мэдээлэл түгээсэн хэмээн Египетийн шүүх үзэж “Аль-Жазира” теле компанийн гурван сэтгүүлчийг шоронд хорих шийдвэр өнгөрсөн бямба гаригт гаргав. Ийнхүү шүүгдэгчийн сандалд суусан хүмүүс нь Египетийн иргэншлээ орхисон канад эр Мохамед Фахми, египет үндэстэн Бахер Мохамед хоёр бөгөөд гурав дахь нь болох Австралийн иргэн Питер Гресте энэ оны хоёрдугаар сард эндээс гарч явсан тул эчнээгээр ял оноожээ. Ерөнхийлөгч асан Мохамед Мурситэй холбоо сүлбээтэй байсан “Лалын ахан дүүс” байгууллагад тусалсан гэх үндэслэлээр энэ гурван хүнд урьд нь 7-10 жилийн ял өгч байсан аж. Иргэнийг нь даруй суллахыг Канад улс шаардсан байна. Египетийн шүүхийн шийдвэрийг хэвлэлийн эрх чөлөө рүү хийж буй шинэ довтолгоон гэж “Аль-Жазира” үзээд “Энэ бол Египетийн шүүхийн тогтолцооны түүхэн дэх хар өдөр” хэмээн нэрлэв. Энэ шийдвэрийг эргэж харахыг Египетийн эрх баригчдад АНУ уриаллаа. “Байр суурь нь оновчтой биш юм уу, маргаантай байлаа ч мөрдөн мөшгих, мэдээлэх, тайлбарлах эрх хэвлэлд байдаг нь ардчиллын хөгжилд чухал ач холбогдолтой” гэж Америкийн Төрийн Департаментийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби онцолжээ. Мурсийг унасны дараа лалын шашинтныг олноор нь баривчилж, цаазалсан юм. Энэ оны тавдугаар сарын 16-нд гэхэд Кайрын шүүх Мурсигийн талын 105 хүнд цаазын ял оноосон. Үүний нь төлөө Египетийн одоогийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сисийг хэтэрхий хатуу ширүүн хандаж байна, либерал сөрөг хүчнээ нухчин дарлаа, иргэний нийгмийг боомиллоо, хүчнийхэн хүч хэрэглэх нь ихэслээ хэмээн зэмлэх болсон байна.