Алан хядагч “Исламын улс” байгууллагын дайчид Сирийн эртний Пальмира хотод бас нэгэн сүм дэлбэлснийг НҮБ нотлов. Энэ нь манай тооллын 32 онд босгосон, тус хотын ариун шүтээн болсон Бэл хэмээх сүм аж. Ойрхи Дорнодод өөрийн улс (халифат) байгуулах зорилготой алан хядагчдын балмад үйлдэл тийм ч их хохирол учруулаагүй байгаасай гэсэн горьдлогыг НҮБ-ын мэдээллийн төвөөс хиймэл дагуул ашиглан тараасан зураг тасаллаа. Эргэн тойрон чулуун баганатай, дөрвөн талт байгууламжийг хэрхэн сүйтгэсэн нь өнгөрсөн сарын 27-нд авсан зургаас тод томруун харагдана. Ердөө л хэдхэн багана, хоосон талбай л үлдсэн байна.Пальмира бол Дамаск, Евфратын дундах Сирийн элсэн цөлийн баян бүрдэд байдаг эртний баян хотуудын нэг байжээ. Дамаскаас зүүн хойш 140 км-т оршино. Хотын туурийг дэлхийн өв гэж ЮНЕСКО хүлээн зөвшөөрсөн байна. “Исламын улс”-ын зэрлэгүүд үүнээс долоо хоногийн өмнө шинэ эриний 131 онд босгосон гэж үздэг Баалшамины сүмийг дэлбэлжээ. Пальмира хотын шашны эд зүйлийг судлахад насаа зориулсан 82 настай өвгөн эрдэмтэн Халед аль-Асаадыг эртний дурсгал хадгалсан газрыг зааж өгөхөөс татгалзлаа хэмээн тэд бас хороосон юм.