“Vice news” олон улсын сувагт ажилладаг Британийн хоёр сэтгүүлчийг алан хядагч байгууллагын үйл ажиллагаанд оролцсоны улмаас Туркийн эрх баригчид өнгөрсөн сарын 27-нд баривчилсан байна. Тэдэнтэй хамт явсан ирак хэлмэрчийг нь ч саатуулжээ.Туркийн цагдаа нар болон Курдын ажилчны намынхны хооронд болж байсан мөргөлдөөний үеэр зураг авч, сурвалжлага хийж байхад нь тэднийг баривчилсан аж. Тэгээд “Исламын улс” бүлэглэл хийгээд Курдын босогчидтой холбоо сүлбээтэй юү хэмээн байцаагаад байсан гэнэ. Сэтгүүлчид тулгаж буй зэмлэлийг “үндэслэлгүй, зохиомол” гэж няцаасан ч тэднийг сулласангүй.Энэ хэрэг явдал болсон Диярбакыр муж нь Туркийн зүүн өмнөд нутагт Сиритэй залгаа хилд ойр байдаг юм байна. Энд байх нисэх онгоцны буудлаас Турк, НАТО-гийн онгоцнууд хөөрч “Исламын улс”-д цохилт өгдөг гэнэ. Лалын дайчдыг хайх, аюулгүй болгох цэргийнхэн болон цагдаа нарын томоохон ажиллагаа Туркийн зүүн нутагт болж буй юм.Курдүүд бол Турк, Сири, Ирак, Иранд байдаг үндэстний цөөнх бөгөөд Курдистан гэх өөрийн улсыг байгуулах гэж олон жил тэмцэж байгаа. “Исламын улс”-ын алан хядагчдын эсрэг хийж буй курдүүдийн тэмцэл бүс нутагтаа байр сууриа бэхжүүлэх боломжийг олгож буй ч тэднийг Турк улс салан тусгаарлагчид, алан хядагчид гэсэн байр сууринаас ханддаг юм.