12 удаа гэрлэсэн хос ээлжит хуримаа Монголд хийх гэнэ. Тодруулбал, Канадын иргэн, барилгын компанийн эзэн 65 настай Карл Фикс, шүдний эмч 55-тай Сэнди Бью нар энэ сарын 7-нд манай улсад хуримлах нь.
Хамгийн анхны хуримаа 2004 онд хийсэн тэд 100 гаруй улсаар аялж, хамгийн өвөрмөц ёс заншилтайд нь гэрлэлтээ батлуулдаг гэнэ. 11 жилийн өмнө Өмнөд Африкт гэрлэсэн гэрчилгээгээ хаяснаас болж, хоёр жилийн дараа нь Сахарын цөлд майханд ислам ёс заншлаар хуримласан байна.
Үүнээс хойш цуврал гэрлэлтээ эхлүүлжээ. Эдгээр хурим дотор бүтэлгүйтсэн тохиолдол ч буй гэнэ. Этиопт гэрлэхдээ Карл эхнэрээ гайхшируулахын тулд нутгийн уламжлалын дагуу үхрийн шинэхэн ширээр даашинз урлуулан өгчээ.
Гэвч эвгүй үнэртэй тул эхнэр нь өмсөхөөс татгалзсан байна. “Бид хэзээ ч салж чадахгүй. Тийм асуудал гарах болбол хуульчид өндөр үнэ төлж, олон оронд очих хэрэг гарна. “Гиннес”-ийн амжилтад бүртгүүлэх нь бидний зорилго биш. Зүгээр л хөгжилдөх гэсэн юм. Амьдрал дэндүү богино” гэсэн бол Сэнди “Гэрлэлтүүд бол тэр надад хайртайгаа дахин дахин баталж буй хэрэг” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Б.ДӨЛГӨӨН