Унгар дахь цагаачдын байдлыг ирэх сарын 5-6-нд хэлэлцэхээр гишүүн орнуудын Гадаад болон Дотоод хэргийн сайд нарын яаралтай хуралдаан зарлахаар шийдвэрлэснийг Европын холбоог даргалж буй Люксембургийн Гадаад хэргийн сайд Жан Ассельборн сая мэдэгдлээ. Дүрвэгсдийн асуудлаар багц санал Европарламентад аравдугаар сарын 2-нд хүргүүлэхээр төлөвлөж буйгаа ч тэрбээр нотлов. Баттай бус мэдээгээр бол холбооны 28 улсын Гадаад хэргийн сайд нар энэ онд Европын холбоо хүлээж авах дүрвэгсдийн тоог 160 мянга хүртэл нэмэгдүүлэх саналыг энэ сарын 14-нд Брюссельд тус хэлэлцэх аж.Манайхыг дайран өнгөрөх дүрвэгчид дуусаж дундрахгүй учраас Австри, ХБНГУ руу тэднийг өөрийн нутгаар дамжуулахаа болино гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ням гаригт мэдэгдлээ. Түүгээр ч барахгүй, “Хилгүй бол улс гэж яахин үзэх билээ” гэж тэрбээр хэлжээ.
Европыг зорих цагаачдыг нутгаараа дайруулахгүйн тулд унгарчууд хил дээрээ хана босгож буй юм.Герман руу орж ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр барууны радикал үзэлт хэт даврагчид тэдний эсрэг алан хядах ажиллагаа өдөөх аюул нэмэгдэх хандлагатай байгаад сэтгэл зовниж буйгаа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель мэдэгдэв. Хэт барууны үзэлтнүүд дүрвэгсдийн байр руу нэг бус удаа дайрсан учраас тэрбээр ийн болгоомжлохоос аргагүй болсон байна.Европ тив дүрвэгсдийн хөлд үндсэндээ дарагдаад байна. Тэдний өмнө эрхгүй “ногоон” гэрлээ асаалаа гэж хэлж болохоор болов. Сири, Афганистан, Ирак, Ливийн дүрвэгсдийг хүлээж авахаа Австри, Герман улс зөвшөөрөхгүй байж чадсангүй.Европыг нөмөрсөн дүрвэгсдийн хямралаас үүдэн британичуудын ихэнх нь Европын холбооноос гарах нь зүйтэй гэж үзэх болж буй аж.
2017 онд багтаан явуулахаар төлөвлөж буй санал асуулгыг өнөөдөр хийвэл судалгаанд оролцсон 1000 гаруй хүний 51 хувь нь ийм бодолтой байгаа юм байна. Европын орнуудын хүлээж авах дүрвэгчдийн тоонд квот тогтоох саналыг Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон дэмжихгүй байгаад англичуудын ихэнх нь талархалтай хандаж байгаа аж. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын баримтаар бол энэ онд Сири, Афганистан, Эритрейгээс голлон 366 мянган дүрвэгч Европт иржээ. Лалын шашинт дүрвэгсдийг тэдний баян ах дүү нар нь болох Арабын орнууд яагаад авдаггүй юм бол гэх бодол эрхгүй төрнө. Тэгэх нь ээ Ойрхи Дорнодын орнуудынхаа байдлыг хүндрүүлэхэд алт, нефтиэр баян Персийн булангийн орнууд АНУ болон Европтой хамжилцан гар хуруугаа оруулчихсан юм байна. Ийм муу юмаа эхлээд Иракт, дараа нь Ливид, одоо Сирид хийж буй аж. Тэгээд гараа угаачихна. Гэхдээ эмх замбараагүй байдалд автсан орнуудаас одоогоор амар амгалан байгаа Арабын улсууд руу цагаачдын жижиг горхи шоржигнож л байдаг юм байна. Тэд “зочин ажилчин” болчихоод байгаа ах дүү, амраг садны хэлхээ холбоогоо ашиглан Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират руу очиж л байдаг гэнэ. Тэгэхдээ Арабын эдгээр оронд цагаачдын эсрэг хатуу чанга хууль үйлчилнэ. Хоёрдугаарт, Газрын дундад тэнгисийн эргээс Персийн буланд очно гэдэг тэнгэрийн хаяа хүрэхтэй адил хол. Ойрхи Дорнодод дайн хийхийг дэмжиж буй улсуудад дүрвэгчид хэрэггүй, харин гартаа зэвсэг барьж чадах эрэгтэй хүмүүст бол тэд мөнгө хайрлахгүй. Түүнчлэн эх орноос нь илүү хатуу дэглэмтэй лалын шашинтай оронд очихыг ядарч зүдэрсэн хүмүүс ч хүсдэггүй гэнэ.
Тэгээд л чихээрээ сонссон эрх чөлөөт, цатгалан Европыг нүдээрээ үзэхээр тэмүүлдэг байна. Дашрамд нэг юм сонирхуулахад одоо Европыг зорьж буй дүрвэгсдийн нэг гол эх үүсвэр нь болж буй Сири улс Ойрхи Дорноддоо шашинд хамгийн тэвчээртэй ханддаг, олон шашин нэг дор зэрэгцэн оршдог газар байжээ. Хөөгдсөн туугдсан хүмүүсийн толгой хоргоддог өлгий нь Сири байж. Энэ байдлыг дайн л эвдэж орхиж.