Сирийн зөрчилд Москва хөндлөнгөөс оролцож буй гэх мэдээлэлд сэтгэл зовниж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа илэрхийлжээ. Сирид Оросын цэргийн оролцоо нэмэгдэж буй гэх мэдээлэл хэрэв үнэн бол энэ нь тэндхийн зөрчилдөөнт байдлыг нэмэгдүүлж, учрах хор хохирлыг ихэсгэнэ. Энгийн хүмүүс олноор амь үрэгдэж, дүрвэгсдийн урсгал ч ихэснэ гэж Жон Керри үзэж буй аж. Түүнээс гадна “Исламын улс” хэмээх алан хядагч байгууллагын дайчдын эсрэг Сирид үйл ажиллагаа явуулж буй олон улсын эвсэлтэй Орос улс шөргөөцөлдөх эрсдэл бийг Керри сануулжээ. Талууд Сирийн байдлыг Нью-Йоркод биечлэн уулзах үеэрээ үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцжээ.Сирид болж буй байлдааны ажиллагааг сурвалжилж явсан хүмүүс орос хэлээр тушаал өгч байхыг сонссон гэнэ хэмээн Лондоны “The Times” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Түүнээс гадна Сирийн Латаки мужид урьд өмнө нь энд үзэгдэж байгаагүй БТР-82А хуягт тээвэрлэгч байх нь анзаарагдсан байна. Орос улс Жабла хотод цэргийн хоёр дахь баазаа байгуулахаар төлөвлөж буй хэмээн Сирийн Засгийн газрын байр суурийг дэмждэг “Аль-Ватан” сонинд мөн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн аж.