Францын “Үндэсний фронт” намыг үүсгэн байгуулсан ч саяхан түүнээсээ хөөгдсөн Жан-Мари Ле Пен “Хөх-цагаан-улаан нэгдэл” хэмээн төрийн далбааныхаа өнгөөр нэрлэсэн улс төрийн шинэ нам байгуулжээ. 87 настай, хэт барууны үзэлт улстөрч энэ тухайгаа өнгөрсөн бямба гаригт дэмжигчдэдээ мэдэгдсэн аж. Нам нь “Үндэсний фронт-“ын жишгээр ажиллах гэнэ. Хуучин намынхнаа Жан-Мари Ле Пен өөртөө татаж чадвал давхар гишүүнчлэлтэй байхыг зөвшөөрөх эсэх асуудал “Үндэсний фронт” намд тулгарна.Жан Мари Ле Пений хийсэн хэд хэдэн удаагийн эрс хатуу мэдэгдлийг “Үндэсний фронт” намын одоогийн тэргүүн, охин Марин Ле Пен нь “хүлээж авах боломжгүй” гэж үзэж түүнийг албан тушаалаас нь зайлуулахыг шаардсанаас өнгөрсөн сарын 20-нд намаас нь хөөсөн аж. Эцэг Ле Пен олон мэдэгдэл хийсний дотор энэ оны эхээр Францын одоогийн Ерөнхий сайд, Испанийн уугуул Мануэль Вальсыг “цагаач” гэж хэлсэн байна. Түүний нам дахь гишүүнчлэлийг нь тавдугаар сард зогсоосон ч шүүх энэ шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Ле Пен нэг удаа охинтойгоо ам мурийхдаа түүнийг бушуухан нөхөрт гарч овгоо солихыг хүссэн гэдэг. Жан-Март Ле Пен “Үндэсний фронт” намыг 1972 онд байгуулж 2011 он хүртэл даргаар нь ажиллажээ.