2017 онд болох сонгуулиар Францын сонгогчид Франсуа Олландыг дэмжихэд бэлэн бус байгааг Le Figaro сонинд нийтлэгдсэн санал асуулгын дүн харуулжээ. Одоогийн Төрийн тэргүүний төлөө Францын иргэдийн ердөө 19 хувь нь л саналаа өгөхөөр байгаа аж. Хэрэв Олланд Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдвэл сунгаанд сүүл мушгиж, хоёр дахь шатанд оролцож чадахгүй болж мэдэхээр байна.Тэгвэл санал асуулгын дүнгээр “Үндэсний фронт” намын тэргүүн хатагтай Марин Ле Пен баруун жигүүрт өрсөлдөгч нь хэн байхаас хамаарч 27-29 хувийн санал авч магадгүй байна. Баруун төвийн “Бүгд найрамдахчууд” намаас нэрээ дэвшүүлж өрсөлдөх магадлалтай Ерөнхийлөгч асан Николя Саркози, Гадаад хэргийн сайд байсан Ален Жюппе нар тус бүр 25 хувийн дэмжлэг хүлээх боломжтой гэж үзэж буй аж. Тэгвэл 2012 оны сонгуульд Олландыг дэмжиж байсан хүмүүсийн тэн хагасаас илүү нь одоо түүний төлөө саналаа өгөхгүй бололтой. Гурван жилийн хугацаанд тэрбээр сонгогчдынхоо ихэнхийг алджээ.Марин Ле Пен сонгогчдоо алдаагүйгээр барахгүй шинээр дэмжигчдийг татаж чадахаар байгаа аж. 2012 онтой харьцуулбал сонгогчдын есөн хувийг тэрбээр нэмж “өөрийн болгож” чадсан байна.