Украины цэргийн ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаагчид Дотоод хэргийн яамны Эрүүгийн эрэн сурвалжлах газрынхантай хамтран “Торнадо” салбарын Данийл Аль-Такбир (Лящук) гэгчийг баривчилжээ. Мөрдөн байцаалтаас хоёр сар гаруй хугацаанд зугтсан Беларусын иргэн энэхүү Лящук гэгч нь “Можахед” хэмээх хочтой, сэжиглэгдэж буй хүмүүс дотроо хамгийн аюултай, хамгийн хэрцгий нь гэгдэж буй этгээд юм. Түүнийг Киевийн ойролцоогоос лхагва гаригт буу дуугаргалгүй баривчилсан аж.Лалын шашин шүтдэг Аль-Такбир (Лящук) хэт даврагч “Исламын улс”-ын үнэт зүйлс гэгчийг номлодог байна.
Таван удаа шүүхээр хэргээ шийдүүлж байсан Руслан Онишенкогийн удирддаг цагдаагийн ажилтан байсан хүмүүсээс бүрддэг “Торнадо” хэмээх гэмт хэрэг үйлдэгч байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, хүнд, онц хүнд гэмт хэргүүд хийсэн гэж түүнийг сэжиглэж буй гэнэ. Чухамхүү “Можахед” л Луганск мужийн энгийн хүн амыг санаанд багтамгүй харгис хэрцгий, хайр найргүй тамлаж, зовоон хөнөөж байжээ. Хүн хулгайлах, хүчирхийлэх хэргийг ч тэр үйлдэж байсан аж. Онишенког нь ч баривчилсан талаар аль зургадугаар сард цэргийн ерөнхий прокурор Анатолий Матиос мэдэгдэж байжээ. “Торнодо”-г эмхлэн байгуулах тухай шийдвэрт Украины Дотоод хэргийн сайд асан Аваков зургадугаар сарын 18-нд гарын үсэг зурсан аж. “Торнадо”-г өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан байна.