Хоёр улсын хооронд ноцтой зөрчил үүсгээд байгаа цахим аюулгүй байдлын асуудлаар Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Мэн Цянчоу Вашингтон хотноо АНУ-ын засаг захиргааны холбогдох хүмүүстэй яриа хэлэлцээ хийжээ. ХКН-ын Улс төр-хуулийн төв комиссын нарийн бичгийн даргын алба хашдаг Мэн Цянчоу БНХАУ-ын дарга Си Зиньпинийг АНУ-д айлчлахын босгон дээр Америкийн нийслэлд ирсэн байна. Хятадын Төрийн тэргүүний айлчлалыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Жей Жонсон, Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми болон албаны бусад хүнтэй Мэн Цянчоу уулзсан аж.
“Түүнчлэн Мэн Цянчоуг АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Сюзан Райс хүлээн авч уулзаж, цахим аюулгүй байдлын талаар санал бодлоо нээлттэй солилцсон гэж Цагаан ордон мэдээллээ. Цахим орчин дахь аюулгүй байдал гэгч нь Вашингтон, Бээжин хоёрын харилцаанд хурцаас хурц асуудлын нэг болоод байгаа. Энэ чиглэлээр Цагаан ордон Хятадад багц хориг тавихаар бэлтгэж буй гэж Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэдэн өдрийн өмнө мэдээлж байсан юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаг захиргааны хүмүүс энэ асуудлаар албан ёсны тайлбар хийхийг яарахгүй байгаа бололтой.