Британийн лейбористуудын тэргүүнээр сөрөг намын жигүүрийн ахмад зүтгэлтэн Жереми Корбин сонгогдсон байна. 66 настай энэ хүнийг сонгуульд оролцогсдын 59.5 хувь нь дэмжжээ. Тэрбээр сонгогдсоныхоо дараа дүрвэгсдэд зориулсан цуглаан дээр үг хэлжээ. Европын зүүний хүчнүүд Жереми Корбины ялалтад талархалтай хандаж байна. “Корбиныг Английн лейбористуудын удирдагчаар сонгосон нь эдийн засгийн хатуу бодлогын эсрэг нийт Европын фронтод ихээхэн урам өгч, ард түмэнд найдвар төрүүлсэн үйл явдал боллоо” гэж Грекийн улс төрийн “Сириза” хүчин үзжээ.
Английн Хөдөлмөрийн сайд байсан Иветт Купер, Энди Бернхэм болон Ерөнхий сайд асан Тони Блэйрийн улс төрийн залгамжлагч гэгдэж явсан хатагтай Лиз Кендалл нар Корбинтой өрсөлдсөн аж. Корбин нь Парламентад олон чухал асуудлаар санал хураахад нэг намынхныхаа эсрэг хандаж байснаараа нэрд гарсан юм. Өөрийн үзэл бодлоор Лейборист намын удирдагч байсан хүмүүсээс илүүтэй “зүүн” хүн. Тэрбээр Карл Марксын үзэл санааны өвд хүндэтгэлтэй ханддаг, “социализм” гэдэг үгийг хэлэхээсээ “зовдоггүй” нэгэн аж. Корбинд итгэл хүлээлгэхгүй байхыг Тони Блэйр уриалсан ч амжилт олсонгүй. Түүнийхээр бол тус нам “гараа дэлгэж, нүдээ аниад доороо хурц цавчим хад чулуутай ангал руу явж буй гэнэ. Корбин улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө байгаа бөгөөд энэ нь залуу сонгогчид хийгээд сүүлийн үед намдаа урам хугараад буй социалистуудын талынхны санаанд ихэд нийцэж буй аж.