Европ руу дүрвэгчид цувж байгаа нь Ойрхи Дорнод дахь дайнтай холбоотой бус, арай дөнгүүр амьдрал хайснаас үүдэлтэй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн бямба гаригт мэдэгдэв. Түүний онцолсноор бол сайн сайхан амьдрах суурь эрх гэж байхгүй, харин аюулгүй байдлаа хамгаалах, хүний нэр төрөө сахих эрх л гэж байдаг аж. Тийм учраас ирсэн замаараа буцахыг дүрвэгсдэд тэрбээр зөвлөсөн байна.
Унгарын хилийн Роске тосгоны ойролцоо энэ сарын 12-нд дүрвэгчид хийгээд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Ийм явдал ганц удаа тохиолдож буй юм биш, энэ сарын 8-нд Сербийн хилийн Субботица хотоор дамжин орж ирсэн дүрвэгчид Унгарт үлдэлгүй Герман руу явах зорилготой байсан тул түр байрлуулах лагерь руу явахаас татгалзсаны улмаас цагдаа нарын бүслэлтийг сэтлэн 180 км хол байх Будапешт хот руу явганаар хөдөлсөн юм. Хууль бусаар дүрвэж ирэгсдийн эсрэг арга хэмжээг Унгарын зэвсэгт хүчин “Шийдмэг үйлдэл” нэрийн дор боловсруулж буйг энэ сарын 10-нд мэдээллээ. Түүнээс гадна хилийн нутгуудад тавих хяналтыг хүчтэй болгох асуудлыг Парламент нь хэлэлцэж буй аж.
Урьдчилан таамаглаж буйгаар ойрын хоёр жилд өмнө зүгээс Европ руу наад зах нь 850 мянган дүрвэгч ирэх бөгөөд тэдний олонх нь Германд суурьших төлөвтэй гэнэ. Японы эзэн хааны дүүгийн ивээлд байдаг Урлагийн холбоо дүрвэгсдэд герман хэл зааж буй Гётен хүрээлэнд 100 сая иен (800 мянга гаруй доллар) хандивлажээ. Соёлын салбарт Нобелийн шагналтай дүйцүүлдэг, урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог Японы эзэн хааны шагналд нэр дэвшигчдийг зарласантай холбогдуулж энэ хөрөнгийг хуваарилж буй юм байна. Уг шагналыг энэ онд Германы барималч Вольфганг Лайб, Францын бүжигчин Сильви Гиллем, Францын уран барилгач Доминик Перро, Британийн төгөлдөр хуурч, япон гаралтай Мицуко Утида, Японы зураач Таданори Ёко нар хүртсэн аж.