Украины байдлыг зохицуулах асуудлаарх “Нормандын дөрвөл” (Орос, Украин, Герман, Франц)-ийн Гадаад хэргийн сайд нарын яриа хөөрөө Берлинд өндөрлөв. Талууд Донбассын аюулгүй байдлын талаар ярилцаж, одоо тус бүс нутагт хэрэгжиж буй гал зогсоох дэглэмийг улам бэхжүүлэх ёстой гэж үзсэн байна. Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалтын дүнгээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ Донбасст гал зогсоох дэглэмийг сайн сахиж байна гэж хэлэлцээнд оролцогсод дүгнэснийг хэлжээ. Журам зөрчсөн ганц нэг тохиолдол байгаа ч бүхэлдээ нааштай гэсэн үнэлэлт өгсөн аж.
Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлэхдээ уулзалтын явцад санал зөрөлдөөн урьдынхаасаа бага байсан нь зарим асуудлаар ахиц гарахад нөлөөлсөн гэж тэмдэглэсэн байна. Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин өөрийгөө БНУ гэж тунхагласан Донецк, Луганскийн хууль ёсны төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдэв. Тэгэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд болсон сонгуулийн үр дүнд гарч ирсэн хүмүүсийг Донецк, Луганскийг төлөөлөх хүмүүс гэж үзвэл ажил хэрэг урагшаа ахихгүй гэж тэр үзэж байлаа. Украинд орон нутгийн сонгууль аравдугаар сарын 25-нд болохыг тэрбээр сануулжээ.
“Нормандын дөрвөл”-ийн орнуудын удирдагч Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нарын уулзалт Парист аравдугаар сарын 2-нд болох юм. “Дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нар сүүлчийн удаа энэ оны зургадугаар сарын 23-нд уулзсан билээ. 2014 оны зургадугаар сард Герман, Орос, Украин, Францын удирдагчид уулзсанаас хойш “Нормандын дөрвөл” гэх бүтэц бий болсон юм.