Орос улс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад дэмжлэг үзүүлсээр байвал олон улсын зүгээс түүнд шахалт үзүүлж болзошгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жошуа Эрнест мэдэгдсэнийг өчигдөр ТАСС уламжлав. “Исламын улс”-ын эсрэг тулалдаж буй олон улсын эвсэлд Орос нэгдэхгүй бол түүнийг илүүтэй “гадуурхах” болно гэж тэрбээр хэлсэн байна.
Асадыг дэмжсэнээрээ Орос улс алан хядах ажиллагааг эсэргүүцэгч эвслийн үйл ажиллагаанд үл нийцэх үйлдэл хийж буй аж. Гэхдээ Сири дэх Оросын эрх ашиг дэлхийн бусад улсуудын ашиг сонирхлын эсрэг бүхэлдээ чиглээгүй бөгөөд “Исламын улс”-ын эсрэг явуулж буй тэмцэл амжилтанд хүрээсэй хэмээн Москва ч хүсэж буйд эргэлзэхгүй байгаагаа Эрнест бас илэрхийлжээ. Орос улс “Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаанд оролцуулахаар байлдааны нисэх хүчин, нисдэг тэрэгнүүд, агаараас эсэргүүцэн хамгаалах анги салбаруудаа Сирийн нийслэлийн районд байгаа буудал руу явуулж байна гэж дипломат эх сурвалжид түшиглэн Израилийн хэвлэлүүд өнгөрсөн сарын 31-нд тэмдэглэсэн байна.
Алан хядах үйл ажиллагааны эсрэг хийж буй тэмцэлд нь Сирид тусалж, Асадад дэмжлэг үзүүлж буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн яам нэг бус удаа мэдээлж байсан юм. Сири дэх иргэний дайн 2011 оноос үргэлжилж, 230 гаруй мянган хүний амь үрэгдэж, хүн амынх нь тэн хагас буюу 11.5 сая хүн орон гэрээ орхин дайжаад байгаа. Сирийн босогчид нь Ерөнхийлөгч Асадыгаа унагахын төлөө тэмцдэг.