Дүрвэгчдийн урсгалыг зохицуулахад хилийн үр ашигтай хяналт чухал үүрэгтэй гэж Европын холбооны гишүүн 28 орны Дотоод хэргийн сайд нарын хийсэн яаралтай уулзалтын үр дүнгээр гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Үүний тулд хил залгаа улсууддаа тус холбоо нэмэлт дэмжлэг үзүүлж, түргэн байрлах бүлгүүд ажиллуулахаар шийдвэрлэжээ. Юуны урьд Газрын дундад тэнгисээр дамжин Итали, Грек рүү ирж буй дүрвэгчдэд хяналт тавьж, тэднийг олон улсын усаар хууль бусаар зөөж буй хөлөг онгоцуудыг явуулахаа болих зорилт тавьж байна.
Европын холбооны улсууд өөр хоорондоо хилээ нээлттэй байлгахыг уриалав. Африк, Ойрхи Дорнодын орнуудад байдал тогтвортой бус байгаагаас Европын улсуудыг зүглэх дүрвэгчдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Тэднийг улс тус бүрийн хүн ам, эдийн засгийн байдал, амьдралын түвшин болон бусад хүчин зүйлд нь нийцүүлэн хуваарилж байршуулах нь зүйтэй гэж Еврокомисс үзэж буй. Тухайлбал, дүрвэгсдийн 14.7 хувийг Францад, 18.42 хувийг Германд толгой хоргодуулна гэж байгаа. Хоёр жилийн хугацаанд Европ 32 мянган дүрвэгч хүлээж авах юм. Гэтэл энэ онд Германд аж төрөх хүсэлтээ 800 мянган дүрвэгч гаргана гэсэн урьдчилсан таамаглал бий. Латви улс нутаг дэвсгэр дээрээ хүлээж авах дүрвэгсдийн тоо 5000-д хүрнэ гэж тус улсаас Европарламентад сонгогдсон депутат Андрей Мамыкин даваа гаригт сэтгүүлчдэд хэлсэн байна.