Баруун зүгийнхээ нутагт байх “Сохэ” буудлаас Умард Солонгос шинэ пуужин хөөргөхөөр зэхэж байна гэх мэдээлэл байна. Үүнийгээ Хөдөлмөрийн намынхаа 70 жилийн ойг тохиолдуулан аравдугаар сарын 10-нд хийхээр төлөвлөж байгаа бололтой.
Умард Солонгос баллистик пуужин харвах нь ноцтой өдөөн хатгалга байх болно гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэв. Энэ нь цэрэг дайны шинж чанартай заналхийлэл бөгөөд баллистик технолог ашигласан аливаа үйлдлийг хориглосон НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл болно гэж Өмнөд Солонгос үзэж буй аж. Умард Солонгос “Сохэ” буудлаасаа шинэ пуужин хөөргөхөөр бэлтгэж буй талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд бүр долдугаар сард мэдээлж байсан юм. Тэгэхдээ тус буудлаас энэ сарын эхээр хиймэл дагуулаас авсан бичлэг дээр үндэслэн эндээс пуужин хөөргөх бэлтгэл хараахан хийгээгүй байна гэсэн дүгнэлтийг Америк, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хийжээ.
Өмнөд Солонгосын тусгай албад сүүлийн үед мэдээлж буйгаар бол 2012 оны арванхоёрдугаар сард хөөргөсөн “Ынха-3” пуужин зөөгчөөсөө хоёр дахин илүү овор хэмжээтэй пуужин хийхээр Умард Солонгос бэлтгэж буй аж. Умард Солонгосын мэргэжилтнүүд энэ оны эхний зургаан сард пуужингийн хөдөлгүүрийн туршилт дор хаяж хоёр удаа хийсэн гэж тагнуулын байгууллага нотолж буй юм байна. Умард Солонгос пуужин хөөргөсөн тохиолдолд Өмнөд Солонгос залгаа хил дээрээ чанга яригч ашиглан хийдэг ухуулгаа сэргээнэ гэж өнгөрсөн долоо хоногт Сөүл мэдэгдсэн юм. Чухам энэ чанга яригчаас болж тус хоёр улсын харилцаа наймдугаар сард сүрхий хурцдаж байсан.