Перугийн Засгийн газраас томилогдсон судлаач, эрдэмтдийн багийнхан Амазоны ширэнгэд амьдардаг омгийнхонтой холбоо тогтоох оролдлого хийсэн байна. Машко-пиро хэмээх омгийнхон соёлт нийгэмтэй огт холбоогүй, байгалийн онгон зэрлэг байдлаараа амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд зэргэлдээх тосгон болон жуулчид руу үе үе халдах болсон аж. Перугийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн жилийн хугацаанд тус омгийнхон Амазон мөрний эрэг орчим буюу жижиг тосгод байдаг газарт 70 удаа нэвтэрч, жуулчдын хоол хүнс, хувцас, хэрэгслийг авч явжээ. Энэ байдлаас харахад тэд хоол хүнсний хомсдолтой байгаагаа, мөн соёлт нийгэмтэй холбоо тогтоохыг хүсэж буйгаа илэрхийлж байх магадлалтай гэж таамаглажээ. Харин энэ он гарснаас хойш машко-пирочууд нэлээд балмад авирлан, тосгодын иргэд рүү таван удаа довтолсон гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Амазоны ширэнгэд амьдардаг өөр нэг омог мачигуенг болон машко-пирочуудын дунд мөргөлдөөн болжээ. Үүний улмаас мачигуенгийн толгойлогч нас барсан таагүй явдалд болсон байна. Энэ мэт байдлаас улбаалан нутгийн уугуул буюу олон омгийнхонтой холбоо тогтоож, арга эвийг нь олох шаардлага гарч буй аж.