Өөрөө сэрүүлэгтэй цаг хийснээр багш нартаа сэжиглэгдсэн сурагч Ахмед Мохамедийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд урьж уулзсан байна. Энэ тухайгаа Обама твиттер хуудсандаа “Мундаг цаг байна шүү дээ, Ахмед аа. Түүнийг Цагаан ордонд байрлуулахыг зөвшөөрөх үү. Шинжлэх ухаан сонирхдог чам шиг хүүхдүүдэд бид урам өгөх ёстой юм. Энэ л Америкийг аугаа болгож байгаа юм” гэж бичсэн байна.Судан гаралтай 14 настай хүү Мухамед хийсэн цагаа энэ сарын 16-нд сургууль дээрээ авчирснаар барахгүй хичээлийн үеэр дуугаргаж орхисон аж. Багш эмэгтэй цагийг нь үзчихээд тэсрэх бөмбөг байх хэмээн сэжиглэж хурааж авчээ. Удалгүй хүүг баривчилсан аж.