Сирид “Nieuwe Revu” сэтгүүлийн сурвалжлагчаар ажилладаг Нидерландын сэтгүүлч Харальд Дорнбос хуурамч паспорт, биеийн байцаалт олох түвэгтэй, эсэхийг туршиж үзэхээр шийдэж, 40 цаг зарцууж, 750 евро зориулсан байна. Тэгээд вант улсынхаа Ерөнхий сайд Марк Рюттед Сирийн паспорт олж өгчээ. Уг паспортыг “үйлдвэрлэгч” нь захиалагчийн овог, нэр, гэрэл зургийг л сэтгүүлчээс хүссэн аж. Тэгээд Нидерландын Ерөнхий сайдын зурагтай, Малек Рамадан гэх нэрээр хийсэн паспорт өгөөд энэ баримт бичгээр Кипрт хөл тавихад саадгүй гэж хэлсэн байна.
“Би л дээд зэргийн чанартай хуурамч баримт бичиг худалдаж авч би л чадаж байхад Сирид тулалдаж яваа дайчид үүнийг хуруу хөдөлгөх төдийд дөнгөнө. Түүнийгээ үзүүлээд Европын холбооны улсуудын нутагт нэвтэрч, алан хядах ажиллагаа үйлдэхэд юухан байх вэ” гэж Дорнбос хэлжээ.Өнөөгийн байдлаар Сирийн хоёр сая гаруй дүрвэгч Египет, Ирак, Иордани, Ливанд, 1.9 сая хүн Туркэт очоод байгаа юм.
Европын орнуудад толгой хоргодох хүсэлт гаргаад буй сири хүний тоо 348 мянга хүрсэн аж.Гэтэл Сирид зэвсэг нийлүүлсээр байна гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнд сэтгэл зовниж буйгаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн байна. “Байдал дордсоор байгаа тул бүх талуудыг, ялангуяа Аюулгүйн зөвлөлийн гишүүдийг эв санааны нэгдлээ харуулахыг уриалж байна” гэж тэрбээр онцолжээ.