Байгаль дэлхий шимээ дэлгэн, өгөөжөө өгдөг намрын шаргал өдрүүд үргэлжилж буй энэ үед олон орны хүмүүс янз бүрийн баяр тэмдэглэдгийн ихэнх нь ургацтай холбоотой байдаг аж. Жишээ нь, Японы Ниигата мужид жил бүр дэрсний баяр хийдэг аж. Цагаан будааны ургацаа хурааж дуусаад тэмдэглэдэг эл баярт зориулан тариаланчид болон хувь хүмүүс дэрсээр элдэв зүйл урлан, газар дэлхийдээ талархдаг байна. Цагаан будааны тариалалтаас их хэмжээгээр үлддэг дэрсээр ахуйн хэрэглээний олон зүйл хийж болохоос гадна ийнхүү урлагийн бүтээл хийж, талбайгаа “мануулдаг” аж.
Тэгвэл Нидерландын Зюндерт хотод цэцгийн наадам болж байна. Энэ үеэр зохион байгуулдаг “Corso Zundert” парадыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган жуулчин тус улсыг зорьдог гэнэ. Тус наадамд энэ жил Европын орны 15 баг цэцэгсээр урласан том хэмжээний бүтээлүүдээ танилцуулснаас үлэмж биет “Ван Гог” хамгийн чамин, содон нь байжээ. Ер нь жил бүр эл арга хэмжээнд зориулсан бүтээл дунд агуу зураачийг дүрсэлсэн нь заавал байдаг нь тэрбээр тус хотод төрсөнтэй холбоотой аж.
Дашрамд, уг арга хэмжээ 1936 оноос улбаатай бөгөөд тухайн үед наадамд зориулан 33 га газарт, 50 төрөл, зүйлийн цэцэг тариалж байжээ. Өдгөө цэцгийн тариалалт улам өргөжсөн байна. Анхны наадамд 600.000 цэцгээр бүтээл хийж, унадаг дугуйд бэхлэн, парад явуулсан гэдэг.