Башар Асадыг Сирийн Ерөнхийлөгчийн суудлаас зайлуулах талаар хэлэлцээ эхлүүлэхэд Дамаскад нөлөөгөө ашиглахыг Орос, Иранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уриалав. Түүний үзэж буйгаар бол Сири дэх дэглэмийг халах асуудалд тодорхой бус юм олон байгаа нь Арабын энэ улс дахь хямралыг эцэс болгоход саад болж байгаа аж. “Бид яриа хөөрөө хийх шаардлагатай байгаа учраас л Орос, Иран болон нөлөө үзүүлж чадах бусад улсын тусламжинд найдаж буй юм” гэж Керри хэлсэн байна.
Сирид байлдааны ажиллагаагаа уялдуулах талаар Оростой яриа хэлэлцээ хийхийг Вашингтон сонирхож буйг Керри үүнээс нэг өдрийн өмнө мэдээлж байсан юм. “Цэргийнхэн яриа хэлэлцээ хийхийг дараагийн чухал алхам гэж Ерөнхийлөгч (Барак Обама) үзэж буй бөгөөд ойрын үед түүнийг эхлүүлнэ гэж найдаж байна” хэмээн Америкийн Төрийн Департаментийн тэргүүн хэлжээ. Чухам үүнийг дараа л Сирийн асуудлаарх яриа хөөрөөг үргэлжлүүлэхээр Пентагоны тэргүүн Эштон Картер, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар тохиролцсон аж.
РИА Новости агентлаг сануулж буйгаар бол “улс орныхоо эв нэгдэл хийгээд аюулгүй байдлыг хангах, “Исламын улс”-ыг газар авахуулахын эсрэг тэмцэхэд Сирийн одоогийн хууль ёсны удирдлагын үүргийг хэн гүйцэтгэхийг ойлгомжтойгоор хэн ч тайлбарлаж чадаагүй байгаа” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь хэлж байсан юм. Сирид Иргэний дайн 2011 оны хавар эхэлснээс хойш 230 гаруй мянган хүн амь эрсдэж, 11.5 сая хүн дүрвээд байгаа юм. Босогчид нь Асадын дэглэмийг унагахын төлөө тэмцэж буй.