Зэвсэгт хүчин нь хилийн чанадад байлдааны ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн хуулийг Японы парламентын Дээд танхим энэ сарын 19-нд батлав. Энэ хуулийг Доод танхим нь долдугаар сард санал хураагаад дэмжчихсэн болохоор уг баримт бичиг ийнхүү хүчин төгөлдөр болж буй юм. Энэ хууль “хүмүүсийнхээ амгалан тайван амьдралыг хамгаалж, зэвсэгт зөрчилдөөнийг зогсооход зайлшгүй чухал” гэж Ерөнхий сайд Шинзо Абэ үзсэн байна. Энэ хуулийн агуулгыг нийгэмд сайн тайлбарлаж ойлгуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр мэдэгдэв. Тус хуульд зааснаар бол Японы өөрийгөө хамгаалах хүч (арми) -ийг тухайн улс довтолгоонд өртөөгүй байсан ч найрамдалт орнуудаа хамтын хүчээр хамгаалах хүрээнд хэрэглэж болох аж.
Аль нэг улсад гаргасан зөрчил Япон улсын оршин тогтнол, түүний ард түмний амьдрал, эрх чөлөөнд аюул учруулахаар байвал армийн хүчийг хамгийн цомхон хэлбэрээр ч түүний эсрэг ашиглаж болох юм байна. Гэтэл энэ хуулийг эсэргүүцэж буйгаа иргэд Парламентын ордны дэргэд илэрхийлэв. Тэд энхийг эрхэмлэсэн Үндсэн хуулийг энэ хууль зөрчиж байна гэж үзэж байлаа. 70 жил амгалан байсны хойно дайны үйл ажиллагаа өдөөж ч магадгүй боллоо гэж жагсагчид хэлж байлаа. Тэгвэл Ерөнхий сайд Абэ нь Хятадаас учруулж болзошгүй аюулд Япон улс бэлтгэж байхын зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаанд хүчин чармайлт гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Гадаадын түрэмгийллээс Токиогийн холбоотнуудыг хамгаалахыг Өөрийгөө хамгаалах хүчин (Японы арми)-д зөвшөөрсөн заалт Үндсэн хуульд оруулахыг Японы Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сард дэмжихэд Бээжин, Сөүл буруушааж, Вашингтон сайшаасан билээ.Дэлхийн II дайны төгсгөлд Япон ялагдсаны дараа Вашингтоны шахалтаар Токио дайныг эсэргүүцсэн Үндсэн хуультай болж олон улсын маргаантай асуудлыг зохицуулах арга хэрэгслийн нь хувьд дайнаас тус улс татгалзахаас аргагүйд хүрсэн юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа Хятадын учруулах аюул занал нэмэгдсээр байгаагаас Япон улс Үндсэн хуулиа эргэж харж эхэлсэн билээ.