Одессийн ҮЭ-ийн ордонд гарсан түймрийн зарим нотлох баримтыг устгасныг НҮБ-ын тусгай илтгэгч Кристоф Хайнс нотолжээ. Тэрбээр “Эдгээр баримт алга болсон шалтгааныг судлах ажил их түвэгтэй байна. Гэмт хэрэгтнүүдийг хайх үйл явц хэтэрхий алгуур” гэж хэлээд мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлахыг уриалав.Түүний үзэж буйгаар 2014 оны тавдугаар сарын 2-нд болсон үйл явдлын үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнуудын явуулсан ажиллагаанд Украины Засгийн газар үнэлэлт дүгнэлт өгөх ёстой аж.
Тусламж хүсэж хүмүүс хандсаар байхад гал сөнөөгчид “хэт оройтож ирсэнд” НҮБ-ын тусгай илтгэгч анхаарлаа хандуулжээ.НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр зургадугаар сард Киевт үг хэлэхдээ тавдугаар сарын 2-нд Одесст болсон явдлын буруутныг хариуцлагад татахыг Украины эрх баригчид хүсэхгүй байна хэмээн тэмдэглэж байжээ. Чухам үүнээс болж мөрдөн шалгах ажилд саад тулгарсан гэж тэрбээр үзэж байв.Евромайданыг дэмжигчид хийгээд Украины шинэ эрх баригчдыг эсэргүүцэгчдийн хооронд 2014 оны тавдугаар сарын 2-нд Одесс хотноо мөргөлдөөн болж, майданыг эсэргүүцэгчид ҮЭ-ийн ордонд орж хориглосон юм. Тэгтэл тус Ордон руу шатамхай шингэн бүхий лонхнууд шидсэнээс түймэр дэгдэж, 42 хүний амь үрэгдсэн. Суманд өртөж зургаан хүн амиа алдсан.