Хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хилээ хааж буйгаа Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов мэдэгдлээ. Дүрвэгсдийн байдал тун өрөвдмөөр байгаа бөгөөд Европыг хамраад байгаа энэ хямралыг хэн ч тайван харж сууж чадахгүй гэж тэр хэлсэн байна. Тэгэхдээ улсынхаа хууль журмыг мөрдөх ёстой аж. Түүний хэлснээс үзвэл дүрвэгсдийг хил рүүгээ 40 километрээс дотогш ойртуулахгүй байгаа Туркийн цагдаа нартай Болгарын эрх баригчид хэлхээ холбоотой ажиллаж байгаа юм байна.
Дүрвэгсдийг өөрийн газар нутаг руу оруулахгүйн тулд Хорваттай залгаа хил дээрээ ойрын үед хашаа барина гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 18-нд мэдэгдсэн юм. Хорват ч Сербтэй залгаа хилийн бүх замын хөдөлгөөнийг 17-нд цагдаагийн хүчээр хаагаад байгаа. “Манайх шинээр дүрвэгч хүлээж авах боломжгүй” гэж Хорватын Дотоод хэргийн сайд Ранко Остоич мэдэгдсэн. Өдөрт ирэх дүрвэгчийн тоо 8000 хүрвэл Сербтэй залгаа хилээ бүрмөсөн хаахаа тэрбээр амласан.Дүрвэгчдийн урсгал нэмэгдвэл арми 2.5 мянган хүнээ хил рүү илгээнэ гэж Чехийн Үндэсний ЗХЖШ-ын дарга Йозеф Бечварт өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн байна.
Хилийн цагдаа нарт нэмэгдэл хүч болгож 48 цагийн дотор 900 цэрэг очуулж чадна гэж тэрбээр тодруулжээ.Италийн эргийн хамгаалалтынхан энэ сарын 19-нд Ливийн ойролцоо 20 удаа аврах ажиллагаа хийж, 4343 дүрвэгчийг эрэг дээр гаргасан аж. Хийлдэг завин дээр нэг эмэгтэй амьсгал хураасан байв. Нас барсан шалтгааныг тодруулж чадаагүй бололтой. Резинэн завь, чиргүүлээр тэнгис гатлахыг оролдож байсан 335 хүнийг Грекийн эргийн хамгаалалтын ажилтнууд олжээ. Тэднийг Италийн усан буудал руу явуулсан аж.Африк, Ойрхи Дорнодын орнуудаас дүрвэгсдийг аврах ажилд “Хил хязгааргүй эмч нар” байгууллага болон Мальта улсын эргийн хамгаалалтын алба оролцож байгаа аж. Мөн Италийн эргийн хамгаалалт, Тэнгисийн цэргийн флотын болон Англи, Германы хөлөг онгоцнууд бас оролцож буй юм байна.