Америктай дипломат харилцаагаа ойртуулахыг Ромын хамба лам Франциск кубачуудад уриалав. Тэрбээр Гаванад айлчилж буй юм. Куба, Америк хоёр харилцаагаа сэргээх нь дэлхий дахинаар эвлэлдэхэд үлгэр жишээ болно гэж тэр үзэж буй аж.
“Харилцаа хэвийн болох нь гэх найдвар төрүүлэхүйц үйл явдлын гэрч болсоор бид нэлээд хэдэн сар болж байна. Энэ замаасаа гажихгүй байхыг би улс төрийн удирдагчдад уриалж байна” гэж тэр хэлсэн аж.Ромын хамба ламыг онгоцны буудал дээр тосож авахдаа Кубийн удирдагч Рауль Кастро хагас зуун жил дайсагналцаж ирсэн харилцааг түвшитгэхэд тусалсанд нь талархлаа илэрхийлсэн байна. Түүний зэрэгцээ АНУ-ын зүгээс тавиад байгаа худалдааны хориг, Гуантанамо дахь тэнгисийн цэргийн баазыг “эзэлж авсаныг” нь Рауль Кастро буруутгасан аж.
Франциск маргааш Сантьяго-де-Куба хотоос Вашингтон руу ниснэ. Тэрбээр тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Нью-Йорк, Филаделфид очих юм.1959 онд Кубад хувьсгал гарснаас хойш АНУ эднийд худалдааны хориг тавьж, дипломат харилцаагаа тасалсан юм. 1966 оноос иргэдээ Кубад зорчихыг Вашингтон хориглов. Кубатай худалдаа хийдэг гадаадын компаниудын эсрэг хоригоо 1996 онд чангалав.
Куба, АНУ-ын харилцааг сэргээх талаарх яриаг 2013 оноос л эхлүүлж, шийдсэнээ 2014 оны арванхоёрдугаар сард албан ёсоор зарласан.Гуантанамо дахь цэргийн баазыг АНУ 1903 онд худалдан авч хугацаагүйгээр түрээслэх болжээ. Кубад хэд хэдэн удаа төрийн эргэлт болсны дараа Засгийн газар нь төлбөрөө 3.4 мянган ам.доллар болгож нэмэгдүүлсэн байна. Кастрогийн хувьсгалт Засгийн газар энэ наймааг зогсоож, АНУ-аас түрээсийн мөнгө авахаа байжээ. 2002 онд баазын нутаг дээр шорон байгуулснаас хойш түрээсийн нөхцөлийг зөрчлөө гэж үзэж Кубийн тал хэлэлцээрийг цуцлахыг оролдсон ч амжилт олоогүй юм. Барак Обама ч Гуантанамо дахь шоронг хаахаа сонгуулийн өмнө амлаж байв. Гэвч шорон одоо хэр нь ажилласаар байгаа.