Ztohoven гэдэг бүлгийн хүмүүс Чехийн Ерөнхийлөгчийн өргөө байдаг Прагийн ордны орой дээрх Ерөнхийлөгчийн далбааны оронд асар том дотуур өмд “мандуулж” орхисон байна. Тэд ордны дээвэр дээр гарахын тулд яндан хөөлөгчдийн хувцас өмссөн аж. “Прагийн ордны орой дээр эцсийн эцэст хүний тугийг л мандуулчихлаа. Үүнд ичиж зовох ер байхгүй” гэж энэ үйлдлийг хийгчид хэлсэн гэнэ. Уг үйлдлээрээ тус бүлэг Ерөнхийлөгч Милош Земаны мэдэгдэл хийгээд үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн аж.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Йржи Овчачек уг явдлын талаар мэдэгдэхдээ сэжиг, зэвүү хүрмээр юм. Чехийн вангууд, Ерөнхийлөгчид хийгээд төрийн бэлгэ тэмдэг болж байдаг зүйлийг гутаан доромжилсондоо тэд ер гэмшихгүй байгаа бололтой гэж хэлжээ. Түүний хэлснээс үзвэл үүнтэй төстэй явдал фашистуудын эзлэн түрэмгийллийн үед нэг удаа тохиолдож байжээ.
Ztohoven нь өдөөн хатгасан үйл ажиллагаагаараа нэрд гарсан, хууль ёсыг сахидаггүй залуусын бүлэг аж. 10 жилийн өмнө түүний гишүүд хүн амыг айдас хүйдэст автуулах зорилгоор цөмийн дэлбэрэлт болсон мэт бичлэгийг телевизийн нэгэн сувгаар цацаж байсан аж. Тэдэнд одоо хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.