Ерөнхий сайд асан Алексис Ципрасын тэргүүлсэн зүүний радикал хүчний эвсэл энэ сарын 20-нд Грект болсон Парламентын ээлжит бус сонгуульд 35.4 санал авчээ. Ингээд тус эвсэл Парламентад 145 суудалтай болж буй аж. Гол өрсөлдөгч, баруун төвийн “Шинэ ардчилал” нам 28.09 хувийн (75 суудал) санал авч, Парламентад 18 суудал авахаар болсон хэт барууны “Хриси Авги” нам гуравт орсон байна.СИРИЗА болон “Тусгаар тогтносон грекүүд” нам хамтдаа Парламентад 155 депутаттай болсноор олонх болж буй бөгөөд 300 гишүүнтэй, нэг танхимт Парламентад доод тал нь 151 суудалтай байж Засгийн газраа бүрдүүлэх учиртай аж.
Бүр оюутан байхдаа л “хар хурандаа” нарын дарангуйллын эсрэг тэмцэлд оролцож явсан 63 настай Василис Левендисийн толгойлсон Төв ч үзэлтнүүдийн холбоо Парламентад есөн суудал авчээ. СИРИЗА-гаас гарсан хүмүүсийн байгуулсан, Эрчим хүчний сайд асан Панайотис Лафазанисийн тэргүүлсэн “Ардын нэгдэл” нам гурван хувийн босгыг даван, Парламентад суудалтай болж чадсангүй. Энэ хүмүүс түрүүчийн Парламентад шинээр жигүүр үүсгэж, улмаар түүнийгээ нам болгосон юм.
СИРИЗА эвслийн тэргүүн Алексис Ципрас сонгогчдын өмнө үг хэлэхдээ, Грекийн ард түмэн намд маань дөрвөн жилийн эрх өглөө. Энэ бол манай намын ялалт биш, Грекийн ард түмний ялалт юм. Маргаашнаас бид өнгөрсөнтэйгээ салах ёс хийнэ. Грекийн далбаа одоо Европын хамгийн том талбай дээр мандах болно” гэсэн байна.“Шинэ ардчилал” намын дарга Вангелис Меймаракис ялагдлаа хүлээгээд Ципраст баяр хүргэжээ. Эх сурвалжийн хэлснээс үзвэл Ципрасын бүрдүүлэх Засгийн газар нь бэлэн байгаа бол даваа гаригийн орой юм уу мягмар гаригийн өглөө тангаргаа өргөхийг үгүйсгэхгүй аж. СИРИЗА-гийн төлөөлөгч Ольга Геровасили шинээр бий болох Парламентад хүчтэй олонхтой Засгийн газар олон улсын зээлдэгчтэй байгуулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэж хэлжээ.