57 жилийн тэртээ болсон ийм нэгэн явдал хайр гэдэг ямар агуу болохыг дахин баталжээ. Тэд үнэн сэтгэлийнхээ төлөөсөнд, бүр тодруулбал гэр бүлээ хуулиар батлуулсаныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулахад хүрч байжээ.
Хар арьстнуудыг хэрхэн дорд үзэж байсныг гэрчлэх эл явдал эрх чөлөөний хэмээх тодотголтой Америкт болсон бөгөөд тухайн үедээ нийгмийг нэлээд цочирдуулж, бухимдуулсан гэдэг.
Африкаас гаралтай, америк бүсгүй Милдред Жетер, цагаан арьст залуу Ричард Лавинг хоёр хууль ёсны эхнэр, нөхөр болохыг хүсэж, 1958 онд Вашингтон мужийн Колумби дүүргийг зорьжээ. Учир нь тэдний амьдардаг Виржини мужид хар арьстантай гэрлэх нь хориотой байж. Ингээд хүслээ биелүүлж, баталгаат гэр бүл болсон хос аз жаргалд умбан, харих зууртаа элдэв мөрөөдлөө хуваалцаж явсаар гэртээ ирэв. Шөнө дөлөөр хаалгыг нь түрэмгий цохих чимээнээр сэрсэн Жетер, Лавинг нар үүдээ тайлтал биерхүү хоёр эр баривчлах захирамж үзүүлээд, юу юугүй гавлаад, машинд суулгажээ. Тэднийг хэдийнэ яллачихсан, нэг жил шоронд хорих болсныг дуулгаад “Хууль бусаар гэр бүл болсон учраас ингэлээ” гэсэн тайлбар хэлжээ. Маргааш нь тэдэнд “Виржини мужийг орхиж явбал шоронд хоригдохгүй” гэж тулгасан байна. Нэгдсэн улсын түүхэнд арьсны үзлээр ялгаварласан хамгийн тод жишээ болсон эл явдал тухайн үеийн шүүх засаглалыг ганхаахад хүргэсэн байдаг. Дурлалт хос гэр бүл болсныхоо төлөө эрхээ зөрчүүлэхийг хүссэнгүй, үнэний эрэлд гарч, шүүхтэй заргалдаж, өргөдөл гаргажээ. Тэдний хүсэл ердөө хүн ёсныхоо эрхийг л эдэлж, амар тайван амьдрах байлаа. Энэ нь эцэстээ бүхэл бүтэн муж улсын хуулийг өөрчлөхөд хүргэсэн байна. 1924 онд тус мужид баталсан хуулийн заалтаар бол хар, цагаан арьстай хүмүүс гэрлэх нь хориотой байлаа. АНУ-ын дээд шүүх ч өөрийн муж улсын хуулийг дэмжиж байв. Энэ хэрэг нэлээд сунжирсан бөгөөд 1967 онд “Виржини мужийн эсрэг Лавинг” хэмээх хэргийг шийдвэрлэжээ. Ингэснээр Ричард болон Милдред Лавинг нар хуулийн дор амар амгалан амьдрах эрх нь хэрэгжиж эхэлжээ.
Эхнэр, нөхөр Лавингийн 10 жилийн тэмцэл өнгөт арьстай олон хүнд тэгш эрхийг эдлүүлсэн юм. тэд 2007 онд хууль ёсны гэр бүл болсныхоо 40 жилийн ойг тэмдэглэсэн байна.