Орос, Японы Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Фумио Кисида нар энэ сарын 21-нд Москва хотноо уулзаж энхийн хэлэлцээрийн тухай асуудлыг хөндөн ярилцжээ. Японы сайдын хувьд энэ үйл явдлыг Гадаад хэргийн орлогч сайд нарын түвшинд сэргээхээр болсон нь айлчлалынх нь гол үр дүн байсан бол Оросын сайд Сергей Лавров хэлэлцээг Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын хэмжээнд (2+2) сэргээх боломжтой хэмээн үзэж байгаа аж.Кисидаг Орост айлчлуулах асуудлыг тохиролцоход нэлээд хугацаа зарцуулсан нь Украины хямралтай холбогдуулж Оросын эсрэг тавьсан хоригт Япон нэгдсэн болон Курилийн арлуудад Оросын төрийн өндөр албаны хүмүүс очсон зэрэгтэй холбоотой байв. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Орос, Японы ард түмний хүсэн хүлээсэн эрх ашигт нийцэхийг яриа хөөрөөний явц харууллаа гэж Лавров хэлжээ. Түүний хэлснээс үзвэл худалдаа, эдийн засгийн салбарт хүчин чармайлт тавих сонирхол аль алинд нь байгаа бөгөөд Засгийн газар хоорондын комиссуудын хуралдаанаас гадна өөр арга хэмжээнүүд, тухайлбал эдийн засгийг сайжруулах асуудлаар ирэх сарын эхээр Токиод болох Орос-Японы зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан үүнд түлхэц болно гэж Сергей Лавров үзэж байна.
Хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах нь хоёр сайдын яриа хөөрөөний гол сэдэв байв. Орлогч сайд нарын энэ сэдвээр хийх зөвлөлдөөний хоёр дахь ээлжийг аравдугаар сарын 8-нд хэмээн товлов.Япон улс 1855 онд байгуулсан худалдаа, хилийн тухай хоёр талын хэлэлцээрийн дагуу Өмнөд Курилийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудыг эзэмших эрхийн төлөө өрсөлддөг бөгөөд Дэлхийн II дайнаас хойш гарын үсэг зураагүй байгаа Оростой энхийн гэрээ байгуулах нөхцөл болгож энэ асуудлыг Токио тавих болоод буй юм.Ойрхи Дорнодод зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар ойрын үед Орос, Япон хоёр зөвлөлдөнө гэж Лавров хэлжээ.
Ази, Номхон далайн бүс нутагт АНУ оролцоогоо нэмэгдүүлж, Япон батлан хамгаалах чадавхиа хүчтэй болгож байгаад Москвагийн санаа зовж байгааг Лавров илэрхийлсэн байна. Европт ч, Ази, Номхон далайн бүс нутагт ч далд цэргийн эвсэл байгуулах нь түгшүүртэй байдлыг намжаахад түлхэц болж чадахгүй гэж тэрбээр хэлсэн байна.Японы сайд Сергей Лавровыг айлчлахыг уриад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Японд айлчлуулах тухай сэдвийг хэлэлцээний үеэр хөндсөн аж. Хариуд нь Их 20-ийн дээд хэмжээний уулзалт болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь Путин хийгээд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзах боломж юм гэж Лавров хэлсэн байна. Үүний зэрэгцээ Абэгийн урилгыг Путин хүлээж авсныг ч бас тэрбээр дурджээ.