Сирийн сөрөг хүчин Дамаск дахь Оросын ЭСЯ-ыг минометоор бууджээ. Энэ сарын 20-ны өглөө тэсрэгч мина ЭСЯ-ны газар нутаг дээр унасан байна. Ямар нэг хор хохирол учруулаагүй аж.Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин энэ үйлдлийг хийсэн гэдэгт оросууд эргэлзэхгүй байна. Ерөнхийлөгч Башар Асадын хүчнийг эсэргүүцэгч цэргийн дарга нар Орост “шинэ Афганистан” бий болгоно хэмээн заналхийлсэн гэж энэ даваа гаригт мэдээлсэн байна. Орос улс Асадын дэглэмийг дэмжиж, алан хядагчдын эсрэг тэмцэхэд нь Дамаскад тусалж буйгаа Москва нуугаагүй ч байлдааны ажиллагаанд нь Оросын зэвсэгт хүчин оролцож буй гэж мэдээлж байгаагүй юм. Тэгэхдээ хүсэлт ирвэл алан хядагчдын эсрэг хамтын тэмцэлд Оросын зэвсэгт хүчин оролцох тухай асуудлыг авч үзэхээ Кремль амлаж байсан.