Харилцаагаа хэвийн болгож, дамын наймааны эсрэг хамтран тэмцэхээр Колумб, Венесуэл улсууд тохиролцсоноо Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдлээ. Тэрбээр “Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой яриа хэлэлцээ хийсэн аж. Бидний хөгжлийн загвар их ялгаатай ч биднийг нэгтгэдэг салбарууддаа хамтран ажиллаж болно. Хил дээрээ Венесуэлийн хийж буй ажлыг, түүний дотор бичиг баримтгүй колумб хүмүүсийг буцааж байгаад бид хүндэтгэлтэй хандана” гэж Колумбын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Түүний хэлснээс үзвэл нефть бүтээгдэхүүнийг дамлан худалдаж буй явдлыг нэг тийш болгохоор хоёр талын комисс байгуулсан аж.
Хоёр удирдагчийн санал зөрөлдөхөөр юуны түрүүнд ард түмэн хохирдог гэж Хуан Мануэль Сантос үзэж байв.Энэ уулзалтыг Эквадор, Уругвайн Ерөнхийлөгчид зохион байгуулжээ. Яриа хэлэлцээнд Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа, Уругвайн Төрийн тэргүүн Табаре Васкес болон дөрвөн улсын Гадаад хэргийн сайд нар оролцжээ.Колумб, Венесуэл улсууд эргүүлэн татаад байсан Элчин сайд нараа дахин солилцохоор болсон аж. Колумбтай залгаа хил дээр нь цэргийн гурван алба хаагч, нэг энгийн иргэн шархадсаны улмаас хаах шийдвэрийг Николас Мадуро наймдугаар сарын 20-нд гаргасан юм. Түүгээр ч барахгүй хил орчмын хэд хэдэн мужид 60 хоногийн хугацаагаар онц байдал тогтоов. Энэ нь хэсэг дамын наймаачин Колумб руу бараа оруулах гэж байсныг цэргийнхэн саатуулсантай холбоотой байлаа. Ингээд баримт бичиггүй гэх шалтгаанаар Венесуэлийн тал Колумбын иргэдийг эх орноосоо гаргав. Энэ арга хэмжээг Колумбын Ерөнхийлөгч “түрэмгий үйлдэл” хэмээн нэрлээд иргэдийнхээ эрхийг эрс шийдвэртэй хамгаална гэдгээ мэдэгдлээ. Ийм л явдал болоод намжиж буй юм байна.