АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарч буйгаа Висконсин муж улсын амбан захирагч, БНН-ын Скотт Уокер зарлаад, боломжтой хүндээ байраа тавьж өгөх үүднээс өөрийнх нь араас замнахыг намынхаа горилогчдод уриалав. Тэрбумтан Дональд Трампын чансаа огцом өссөнөөс Уокерийн нэр хүнд нь унасан тул сонгуулийн өмнөх кампанийг нь санхүүжүүлэх эх үүсвэр хорогдсоноос тэрбээр ийм шийдвэр гаргахад хүрчээ. Ийм нөхцөлд кампаниа үргэлжлүүлбэл зардал нь өр болж хувирах эрсдэлтэй байгаа аж. БНН-ын нэр дэвшигчдээс сунгааг орхиж буй хоёр дахь хүн нь Уокер юм. Техас муж улсын амбан захирагч Рик Перри мөн ийм шийдвэрт хүрснээ энэ сарын 11-нд зарласан. Нэрээ дэвшүүлэхээр шийдсэнээ Уокер долдугаар сарын 13-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр 2010 оноос амбан захирагчийн албыг хашиж байгаа.
Сонгуульд ялалт байгуулбал одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн салбарт хийж буй өөрчлөлтийг цуцалж, татварыг багасгаж, ҮЭ-тэй тэмцэнэ гэж Уокер мэдэгдэж байв. Түүний бодлоор АНУ-ын аюулгүй байдалд гол заналхийлэгч нь лалын радикал үзэлтнүүд байлаа. АНУ-ын аюулгүй байдалд Орос, Хятад, алан хядагчид заналхийлэх боллоо гэж үзэх болсон “Обама-Клинтоны номлол”-ыг Уокер шүүмжилж байв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх өрсөлдөөнд 20 гаруй улстөрч оролцож буйгаас олон түмний санал асуулгаар Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон ардчилагчдыг тэргүүлж, БНН-ынхнаас Трамп хошуучилж яваа юм.АН-аас нэр дэвшигчийг тодруулах их хурал 2016 оны долдугаар сарын 25-28-нд Пенсильвани муж улсын Филадельфид болох төлөвтэй байгаа бол БНН-ын их хурлыг үүнээс арай өмнө 18-21-нд Огайо муж улсын Кливлендэд хийх товтой байна.