Ойрхи Дорнодод алан хядагчдын хүч нэмэгдэж буйтай уялдан Сирийн байдал болон Ираны нөлөө ихэсч буй талаар ярилцахаар Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Москвад “давхиж” ирэв. Тэрбээр “Лалын алан хядагч “Хезболла” бүлэглэлийг Иран, Сири улсууд манай орны эсрэг зэвсэглэж байна. Сүүлийн жилүүдэд Израилийн хүн амын эсрэг олон мянган пуужин харвасан. Үүний зэрэгцээ Иран улс Сирийн армийн дэмжлэгтэйгээр Голаны өндөрлөг дээр бидний эсрэг алан хядлага үйлдэх хоёрдугаар фронт бий болгохыг оролдож байна” хэмээн Израилийн Ерөнхий сайд хэлсэн байна. Сири улс болон түүний арми өнөөдөр хоёрдугаар фронт нээхтэй манатай байгаа. Улс орноо аварч үлдэхийг л бодож буй. Тэгэхдээ та бүхний санаа зовж байгааг би ойлгож, асуудлыг нарийвчлан ярилцахаар ирсэнд талархаж байна гэж Путин хэлжээ.
Нетаньяху яаран сандран Москвад ирсэн нь Сирид болж буй үйл явдлыг Израиль хэрхэн хүлээж авч буйг илтгэж байгаа нь ойлгомжтой. “Исламын улс”-ын дайчид Израилийг устгана гэж ил шулуухан заналхийлж буй. Алан хядагч бүлэглэлүүд амжилт олоод байгаа нь Израилийг дангаар нь тэдэнтэй улаан халз учруулж буйтай ялгаагүй. АНУ-тай Израиль сайн харилцаатай байгаа ч тэр нь аюулгүй байдлын нь баталгаа болоо ч уу, үгүй ч үү. Түүгээр ч барахгүй Вашингтонтой тогтоосон нөхөрлөл нь сүүлийн үед Израилийн хувьд лалынхны зүгээс учруулах аюул занал болж хувираад байгаа.
Москвад болж буй Орос, Израилийн яриа хөөрөөнд Ойрхи Дорнод, Европ, Америк ч чих тавьж байна. Ямар ч байсан Нетаньяху Москвад ирсэн нь Сирийн хямралыг зохицуулахад Москва ихээхэн үүрэгтэй болохыг харуулж буй нь гарцаагүй. Сирийн хямралыг зохицуулах боломжийг Москва хэрхэн харж, ямар санал бодолтой байгааг нь Путиний амнаас сонсохыг Нетаньяху зорьж буйд эргэлзэх юун.“Ойрхи Дорнодод тогтвортой байдал бий болгох нийтлэг сонирхол Израиль, Орост бий. Манай умард хил дээр байдал түвэгтэй болсон учраас би нааш ирсэн юм. Хоёр талын байр суурь нийцэхгүй байх үедээ ч бид биенээ харилцан хүндэлж явсан, цаашдаа ч ийм байна гэдэгт эргэлздэггүй” гэж Нетаньяху мэдэгдсэн аж. Путин “Үүнд ноён Ерөнхий сайд эргэлзэхгүй байж болно. Хуучин ЗХУ-аас гаралтай олон хүн Израильд аж төрдгийг бид хэзээ ч мартахгүй” гэж хариуд нь хэлсэн байна.