Түүнийг Оросын хамгийн ер бусын, тарни мэт нууцлаг, таахад түвэгтэй улстөрч гэдэг юм. Тэрбээр надад ч арилшгүй сэтгэгдэл үлдээсэн хүн. Сансраас бидэн рүү илгээгдсэн мэт санагдаад байдгийг нуух юун. Би Илюмжиновтой уулзах гээд явж байх замдаа хатгаа тусчихсан болохоор нүүр учирмагцаа л эмчилж өгөхийг, ядаж гараа надад хүргэхийг хүссэн юм.
Ингэхийн учир нь тэрбээр бүр оюутан байхдаа л хамрын шуухинаагаас аваад салхинд цохиулах, толгой өвдөх... гээд бүх өвчнийг эдгээчихдэг байсных. Түүнээс гадна хөзөр, шош, буурцаг зэргээр маш сайн мэргэлдэг байсан юм. Гэтэл над дээр анагаах ухааны туршилт хийхээс Илюмжинов татгалзлаа.
Тэрбээр Тажикистанд нэгэн бууралтай уулзахад энэ мэт юм хийхээ боль хэмээн шулуухан хэлсэн гэнэ. Чи өөрийн эрчим чадлыг бусдад зориулахын тулд гамнах ёстой. Тэгвэл чи хэдхэн хүнд биш сая сая хүнд тусалж чадна, чамд тийм чадал бий гэсэн гэнэ. Илюмжинов мөнөөх Вангатай их дотно байжээ. Кирсан Николаевичийг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос хэдхэн сарын өмнө ах дүү нарт нь Ванга “Залуу Ерөнхийлөгчийг авчир” гэж хэлсэн гэсэн. Энэ үгэнд нь бүгд ихэд гайхсан ч удалгүй Илюмжинов Төрийн тэргүүн болох нь тэр.
30 настай бизнесмэн Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай Болгарын телевизээр мэдээлэхэд Ванга инээмсэглээд “Түүнийг авчрахыг би гуйсан юм” гэж хэлж байсан гэдэг. Илюмжинов нэгэнтээ Ванга дээр ирээд байхад, далдыг харагч тэр эмэгтэй түүнийг өглөөний 05.30 цагт сэрээж гараас нь бариад өөрийнх нь хувь заяа хийгээд хүн төрөлхтний талаар ярьж өгсөн аж. Чухам юу гэж хэлсэн нь нууц. Харин Илюмжинов ганц юмыг л нуудаггүй нь Ванга түүнд нефть олж өгсөн байна.
Ванга “Чамд маш их нефть байна” гэж хэлээд Халимагийн газрын зургийн нэг хэсэгт нь харандаагаар хатгаж “Энд нефть боловсруулах үйлдвэр барь” гэж хэлжээ. Илюмжинов газрын зургийн тэр хэсэг рүү харвал хагас цөл байх нь тэр. Гэлээ ч сүүлд нь чухам тэндээс нефтийн орд илрүүлж, үйлдвэр барьсан аж. 1995 оны эхээр Ванга утасдаад “Надад хоёр Илюмжинов харагдаад байна, хоёулаа Ерөнхийлөгч юм” гэсэн байна. Маргааш нь Илюмжинов Болгарт нисэн очиж түүнтэй уулзвал “Хэн ч урьд нь ингэж байгаагүй ч чи хоёр сандал дээр тухлах нь. Гэхдээ чи Халимагаасаа явахгүй” гэж хэлжээ.
Үүнээс хагас жилийн дараа 1995 оны арваннэгдүгээр сарын 24-нд Илюмжиновыг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Вангаг “хөтөч” гэж Илюмжинов үздэг. Тэр эмэгтэй мэдээллийн ертөнцтэй холбогдож тэндээсээ юм олж авдаг. Болгарын үзмэрч авгайгаар дамжуулан бурхан Буддатай нэг бус удаа холбогдож, асуух гэсэн юмаа асууж маш сонирхолтой хариулт авсан гэдэгтээ Кирсан эргэлздэггүй аж.
Илюмжиновын эргэн тойронд илбэчин, зурхайч, зөнч хүмүүс байсан бөгөөд тэд хөзөр, гарын хээ, өөр юу юугаар ч юм бэ дээ мэргэлдэг байжээ. Илюмжинов өөрөө шүншиглэсэн цагаан будаа халаасандаа байнга авч явах бөгөөд хөлбөмбөгийн “Уралан” багаа тоглож байх үед телевизийн дэлгэц рүү цацаж, тоглолтын явцад ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг хичээдэг гэж байгаа.
Кирсан “өнгөтөөр” зүүдлэх бөгөөд түүндээ ихэд сүсэгтэй хандана. Крымд сувилалд байхдаа тэнгис өөрийг нь дуудаад, ямар нэг юм хүсээд (гуйгаад) байна гэж зүүдэлжээ.
Сэрээд “Зүүд зөнтэй гэдэг, тэнгист ямар нэг юм өргөх хэрэгтэй юм байна” гэж бодсон аж. Түүнд асар үнэтэй цагнаас өөр юм байсангүй. Мань эр тэр даруйд нь юу ч бодолгүй цагаа тайлаад тэнгис рүү чулуудаж орхив. Бас нэг баримт хэлье. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч байх үедээ Кирсан Николаевич ёстой од хийморьтой байв. Шатраар сургуулийнхаа аварга болж, комсомолын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж, Япон руу явахаар ч зэхэж байлаа.
Гэтэл ташаа мэдээллээс болж түүнийг дотуур байрнаас нь хөөсөн байна. Үүгээр зогсохгүй төгсөхөөс нь хагас жилийн өмнө түүнийг намаас хөөж, сургуулиас гаргажээ. Илюмжинов энэ явдлыг эсэргүүцэн тэмцэхээр шийдэж уулзах хүсэлтээ илэрхийлж Рыжков, Горбачев, Чебриков нарт хандсан аж. Хөөгдөх үедээ Илюмжинов торон дотор арслантай тулалдаж байна хэмээн зүүдэлжээ. Тэгээд бүх бие нь шархдаж, цус нөжиндөө хутгалдаад, тамир тэнхээ нь шавхагдаж байтал арслангууд гэнэт тайвшраад, холдоод явчихсан гэнэ.
Энэ бол есдүгээр сард болсон явдал. Аравдугаар сард түүнийг сургуульд нь буцаан оруулж, намын гишүүнийг нь ч сэргээсэн байна. Кирсан Николаевич бас харь гаригийнхантай уулзсан гэж байгаа. 1997 оны есдүгээр сарын 18-ны бямба гаригийн орой тэрбээр Москвад байх гэртээ ирээд байтал тагт нь онгойх шиг болов гэнэ. Тийш дөхөж очвол доторх юм нь бүдгэвтэр харагдах хоолой маягийн юм байв. Түүн рүү нэг алхвал шар хувцастай хүмүүс харагджээ.
Харь гаригийн энэ хүмүүс эхлээд мань хүнийг хөлгөөрөө аялуулжээ. ...Тэр хөлөг нь аварга том, хөлбөмбөгийн талбайн хэртэй. Тэгснээ өөр ямар нэг гариг руу нисэж эхлэв. Халимагийн залуучуудын өөрийгөө удирдах долоо хоног гэдэг арга хэмжээ эхлэх гээд Илюмжиновт ажил их байсан тул Дэлхийд буцааж хүргэж өгөхийг хөлгийн ахмадаас хүсэхээс өөр яах билээ. Тэгээд танай эндхийн нэг секунд манай тэндхийн их урт хугацаатай тэнцэх тул маш хурдан буцах хэрэгтэй гэж хэлсэн аж. Сүүлд Кирсан Николаевич тэр үед фото аппаратаа авч яваагүйдээ ихэд харамсчээ.
Гол нь тэрбээр тэднээс ганц ч юм асуугаагүй аж. Бас харь гаригийнхан өөрийг нь яах гэж хөлөгтөө суулгасны учрыг ч ер олсонгүй. Оросын зарим бүс нутгийн тэргүүнүүд харь гаригийн хүмүүстэй нүүр учирснаа жирийн нөхцөлд хүлээн зөвшөөрчихдөг хэрнээ түүнийгээ ярихаас зовдог аж. Улс төрөөс уйдахаараа Илюмжинов хэдэн жил хийдэд сууна гэж ярьдаг. Нэг жил буддын, дараа жил нь католик, бас нэг жил үнэн алдартны сахилтай байх гэнэ. Улс төр бохир ажил, өдөөн хатгасан, яс хаясан, залилж мэхэлсэн үйлдэл элбэг.
Тэр ч бүү хэл хэн нэг нь хараал жатга хийлгэнэ, хэн нэг нь нүд үзүүрлэнэ. Энэ бохир юмыг бясалгал хийх, мөргөл үйлдэх, бурханд хандах зэргээр ариутгах учиртай. Илюмжинов өөрөө өдөрт хоёр удаа, өглөө, орой бясалгал үйлдэнэ. Буддын шашинд номлодгоор хүний сэтгэл 108 төрөл авдаг гэнэ. Тэгвэл өөрийнх нь хэлснээр Илюмжинов одоо 69 дэх төрлөө аваад байгаа. Энэтхэгийн нэгэн лам үзээд түүний өнгөрсөн амьдралыг ярьж өгөхөд нь Кирсан тэмдэглэж авсан аж.
Кирсан Николаевич өөрийгөө тууштай бурхны шашинтан гэж үздэггүй. Будда, Мохамед, Христэд аль алинд нь итгэдэг, яагаад гэвэл тэд бүгд бурхны хүүхдүүд. Шашин бүрт адилхан суурь үзэл байх бөгөөд энэ нь хайр, сайхан сэтгэл, шаналал юм. Хэрэв хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт нэг шашинтай болчихвол Дэлхий дээр ганц Засгийн газар, ганц Парламенттай болж ч мэдэх юм. Кирсан Николаевич ийм гэгээлэг мөрөөдөлтэй хэрнээ тун хатуу чанд хүн.
Халимагийн хөлбөмбөгийн “Уралан” баг дээд лигээс хасагдахаар нь Илюмжинов шинэ баг бүрдүүлж, дасгалжуулагч болон тамирчдаа цуглуулаад “Залуус минь би өөрөө “Уралан” багийнхаа ерөнхийлөгч болно. Дараагийн улиралд клуб маань дээд лигт орж эс чадвал би Халимагийн болон Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн суудлаа орхино. Би та нарт шаардлагатай мөнгийг чинь өгнө. Тэгэхдээ би та нараас ямар нэг баталгаа авмаар байна. Та нар амьдралдаа эрсдэлтэй алхам хийх ёстой шүү дээ” гэхэд тамирчид нь бүх хүч, чадлаа дайчлан ажиллана хэмээн ам амандаа бувтнахад нь Илюмжинов ингэж наргихгүй, гэснээ нэлээд олон сум тарааж өгөөд “Уралан” хожигдвол та нар улирлын сүүлчээр талд очиж биенээ буудаарай гэсэн аж.
Эцэст нь “Уралан” нэг улирлын дотор дээд лигт шалгарч тоглогчид нь нэг жил хадгалсан сумаа Илюмжиновт буцааж өгсөн гэдэг. Михаил Болотовский гэдэг хүн Кирсан Илюмжиновын талаар ийн бичсэн байх юм. Албан ёсны намтраас нь үзвэл Оросын төрийн зүтгэлтэн, Халимагийн анхны Ерөнхийлөгч (1993-2005), Халимагийн төрийн тэргүүн (2005-2010), Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, бизнесмэн Кирсан Николаевич Илюмжинов 1962 онд улсынхаа нийслэл Элист хотод төрсөн байна.
1979 онд дунд сургуулиа алтан медальтай төгсөөд “Звезда” гэдэг заводод нэг жил угсрагч засварчнаар ажиллаж, дараа нь цэрэгт хоёр жил алба хаажээ. 1982-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч байхдаа 1988 онд “олон нийтийн газарт архи уусан” гэх нэг ангийнхныхаа гүтгэлгийн уршгаар сургуулиасаа хөөгдсөн аж. 1991 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн гишүүн, 1993 онд Халимагийн анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэ албандаа 1995 онд долоон жилийн хугацаагаар дахин сонгогдсон аж.
2005 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг Халимагийн Ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаатай томилов. 1995 онд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч болсноосоо хойш 2006, 2010 онд улиран сонгогдоод байгаа. Сүүлчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн дэлхийн шатрын 12 дахь аварга Анатолий Карпов ялагдаж Олон улсын спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан ч түүнийг авч хэлэлцсэнгүй.
Илюмжинов Олон улсын харилцааны сургуулийг “Японы асуудлаар мэргэжсэн” гэсэн дипломтой төгссөн бөгөөд Зөвлөлт-Японы хамтарсан үйлдвэрт удирдах ажил хийж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1993 оны дөрөвдүгээр сар гэхэд тэрбээр дотоод, гадаадад үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компани, банк, бирж удирддаг болсон байв. Илюмжиновын талаар шуугиан тарьсан олон материал бичсэн Лариса Юдина 1998 онд Халимагт алагдаж, үүнд Илюмжиновын зөвлөх байсан, урьд нь нэг бус удаа хэрэгт холбогдож явсан Сергей Васькиныг буруутгав.
Алагдсан сэтгүүлч эмэгтэй бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан, түүний үхэлд улс төрийн шалтгаан байхгүй хэмээн Илюмжинов нэг бус удаа хэлж байлаа. Тэрбээр Халимаг улс ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарахад бэлэн хэмээн 1998 онд мэдэгдэж байв. Халимагийн Ерөнхийлөгчийн дөрөв дэх бүрэн эрхийн нь хугацаа 2010 онд дуусахад Илюмжинов уг суудлыг орхиж Алексей Орлов түүнийг залгамжилсан юм.
Кирсан Илюмжинов шатрын спортын мастер, орос, халимаг хэлнээс гадна япон, англи хэл мэднэ, солонгос, монгол, хятад хэл бага зэрэг гадарлана. Гэргийтэй, 1990 онд хүү Давид нь мэндэлсэн аж. 1991 онд Москва хотод Далай ламтай анх нүүр учрахдаа Илюмжинов 29 настай байсан гэж өөрөө ярьсан байна. Тэгэхэд Дээрхийн гэгээнтний гар юм уу биед нь нэг хүрчихвэл л “тэнгэрийн умдаг атгах нь тэр” гэж бодож байсан чинь бүр хамт суугаад цай уусан төдийгүй нэлээд ярьсан гэдэг.
Илюмжинов Холбоот Орос улсын Дээд зөвлөлийн депутат болчихсон байж. “Ийм залуудаа депутат болчихсон байдаг” хэмээн Дээрхийн гэгээнтэн ихээхэн олзуурхсан байна. Бизнесээ орхиж улс төрд хөл тавьсан нь зөвдсөн, буруудсаны алин болохыг асуухаар зэхэж байтал Далай лам “Зөв, зөв залуучууд та нар хийж бүтээлгүй яах вэ” хэмээн түрүүлээд хэлсэн аж.
Р.ЖАРГАЛАНТ