Олон улсын Улаан загалмайн болон, Улаан хавирган сар нийгэмлэгээс бэлтгэсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд байгалийн гамшиг манай гариг дээр 317 удаа тохиолдсон байх юм. Энэ нь 10 жилийн үечлэлээр авч үзвэл хамгийн цөөн үзүүлэлт аж. Эдгээр гамшигт 94 улс өртөж, 8186 хүний амь хохирсон байна. Улсууд дотроо Хятад гамшигт бусдаасаа илүүтэй өртжээ. Ган, үер, шуурга тус улсын 58 сая хүнд хор хохирол учруулсан байна.Байгалийн гамшгаас гадна технологийн ослоор өнгөрсөн онд 5884 хүний амь үрэгдсэний 304 нь Өмнөд Солонгосын гатлага онгоцонд сууж явсан хүмүүс аж. Гамшиг, ослоос учирсан эдийн засгийн хохирлын хэмжээ 99.2 тэрбум доллар байгаа нь сүүлийн 10 жилд хүлээсэн 147 тэрбум доллартай харьцуулбал ихээхэн бага байжээ.