Алан хядах ажиллагаа үйлдсэний учир ял шийтгүүлсэн хүний иргэний эрхийг нь Канад анх удаа цуцлав. Аллага үйлдэх гэж оролдсоны улмаас Квебект насаараа хоригдох ял эдэлж буй Иорданий иргэн Закариа Амарын тухай ярьж буй хэрэг юм.Тэрбээр дүрвэгсдийн тухай шинэ хууль мөрдөж эхэлснээс хойш Канадын иргэн гэж тооцогдохоо больсон анхны хүн болсон байна. Түүнийг ойрын үед Иордани руу явуулах аж. Тавдугаар сарын 29-нөөс хүчин төгөлдөр болсон хуульд зааснаар алан хядах ажиллагаанд оролцож, тагнуул хийж, урваж, Канадын цэргийнхэнд халдсан хэмээн буруутгагдсан этгээдүүдийн иргэн байх эрхийг нь хасах эрхийг Канадын эрх баригчид эдлэх болжээ. Хуулийн энэ заалт зөвхөн давхар иргэншилтэй хүнд л үйлчилнэ.