Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын ван Сальман Бен Абдель Азиз Аль Саудтай утсаар ярьж, Зүүн Иерусалим дахь ариун газрын эргэн тойрны түгшүүртэй байдалтай холбоотойгоор Палестин-Израилийн хооронд үүссэн зөрчилдөөний талаар хэлэлцсэн байна. Мөн “Исламын улс” болон алан хядагч бусад бүлэглэлтэй тэмцэхдээ харилцан ажиллагаагаа уялдуулах асуудлыг ярилцжээ. Олон улсын асуудлаар яриа хөөрөө өрнүүлэх, цаашдаа янз бүрийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг хоёр удирдагч илэрхийлсэн аж.Наймдугаар сарын эхээр Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Москвад очсон юм. Түүнээс өмнө Батлан хамгаалахын сайд нь Орост айлчилсан билээ. Сирийн талаарх байр сууриасаа шалтгаалж сүүлийн үед хүйтрээд байсан хоёр улсын харилцааг хэвийн болгоход эдгээр айлчлал шинэ алхам болсон гэж үздэг.