Дүрвэгчдийн хуаранг интернэттэй холбоно гэж “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хувийн секторынхны чуулга уулзалтад мэдэгджээ. Энэ нь дүрвэгсэд тусламж авах, гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтооход тусална гэж Цукерберг үзэж буй аж. Одоогийн байдлаар манай гаригийн хүн амын тэн хагас нь л интернэттэй холбогдож чадаж байгаа юм байна. Тэрбээр “Нью-Йорк таймс” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Европын улсуудын хил дээр толгой хоргодох газар хайсан дүрвэгчид яаж зовж байгааг сүүлийн хэдэн долоо хоногт бид харлаа. Тэгвэл ард үлдсэн хүмүүстэйгээ болон шалган нэвтрүүлэх цэг дээрээс анд нөхөд, ойр дотнынхонтойгоо холбогдоход нь интернэт туслах болно” гэж бичжээ.
Америкийн “Vanity Fair” сэтгүүл есдүгээр сарын эхээр шалгаруулсан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Цукерберг тэргүүлсэн байна. Түүний хөрөнгийг “Форбес” сэтгүүл 41.2 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Түүний өмнө Билл Гейтс (79.6 тэрбум), Ларри Эллисон (50 тэрбум), Жефф Бизос нарын мэдээллийн салбарын “аваргууд” орсон юм.