Нэлээд баримт бичигт гарын үсэг зурж, Америк, Хятадын удирдагчид хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийснээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийж буй Төрийн айчлалын үндсэн хэсэг өндөрлөв. Санал нийлэхгүй юм байгааг хоёр тал нуугаагүй ч хамтын ажиллагаандаа тэд өндөр үнэлгээ өглөө. Ирж буй зууны өнгө төрхийг тодорхойлох харьцуулашгүй боломж Вашингтон, Бээжин хоёрт байна хэмээн Барак Обама яриа хэлэлцээ эхлэхийн өмнө онцолж байв.
АНУ-ын Конгрессийн Доод танхимын дарга Жон Бейнер удахгүй огцрох гэж буй нь хэвлэлийн бага хурлын үед Америкийн сэтгүүлчдийн анхаарлыг голлон татаж байлаа. Тиймээс Орос, Америкийн Ерөнхийлөгчид уулзах эсэх, Сирийн байдал зэрэг олон улсын томоохон асуудлуудыг ч энд дурссангүй. АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр гурван лавлах тараасан нь айлчлал хийгээд цаг уурын өөрчлөлт, Америк, Хятадын эдийн засгийн харилцааны асуудалд зориулагдсан байв. Эхний баримт бичигт өгүүлснээр бол нэлээд салбарт санал зөрөлдөөнөө цэгцлэх талаар арга хэмжээ авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гүнзгийрүүлэхээр удирдагчид тохиролцсон байна. Юуны урьд Афганистаныг оролцуулан дэлхийн болон бүс нутгийн асуудлууд, энхийг сахиулах, цөмийн аюулгүй байдал, онгон байгалийн нөөцийг хууль бусаар наймаалж буй, туйлыг судлах замаар далай, тэнгисээ хамгаалах зэрэг асуудлаар ярилцжээ. Цааш нь 2030 он хүртэл тогтвортой хөгжлийг хангахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшиг болон бусад онцгой тохиолдол, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлуудыг хөнджээ.
Хоёр талын харилцааг хөгжүүлэх тухайд цэргийнхний хоорондын хэлхээ холбоо, цахим аюулгүй байдал, хууль сахиулах салбар, алан хядах үйлдэлтэй хийх тэмцэл зэрэгт голлон анхаарсан байна. Мөн Дорнод болон Өмнөд Хятадын тэнгисийн талаар илэн далангүй ярилцжээ. Цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд заналхийлж буй айхтар аюулын нэг бөгөөд түүнийг шийдвэрлэхэд Америк, Хятад улсууд маш чухал үүрэгтэйг хоёр удирдагч онцолсон байна.