Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер, Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини нарыг ФИФА-гийн Ёс зүйн хороо мөрдөн шалгаж эхэллээ гэж энэ сарын 26-нд “Guardian” мэдээлэв. Тэднийг ажлаас нь халж буйг зарлахын өмнө Ёс зүйн хороо ойрын үед байцаах аж.
Хэрэв Платинийг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээс огцруулах юм бол Блаттерийн суудлын төлөө тэрбээр нэрээ дэвшүүлэх эрхгүй болно. ФИФА-гийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтарч ажиллах юм байна.
Блаттерийг хоёр сая швейцарь франкийн хахууль Платинид өгсөн гэж үзэж буй юм. Блаттерээс мөнгө авснаа Платини хүлээсэн ч тэр нь гэрээгээр өгөх ёстой төлбөр байсан гэж хэлжээ. 1998 оноос ФИФА-г тэргүүлж буй Блаттер энэ албандаа тавдугаар сарын эцсээр тав дахь удаагаа улиран сонгогдсон ч авлигын хэргээр буруутгагдсаны дараа огцорч буйгаа зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн.
Нийтдээ 14 хүнийг авлигын хэрэгт сэжиглэж буй бөгөөд тэд 24 жилийн хугацаанд 150 сая орчим ам.доллар завшсан гэгдэж буй.
Р.ЖАРГАЛАНТ