Каталонийг Испаниас өрх тусгаарлуулахыг дэмжигчид орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ. Сонгуулийн ирц 63 хувь буюу 2012 оны бүс нутгийн сонгуультай харьцуулбал долоон хувиар илүү байсан аж. Эрх баригч “Каталонийн ардчилсан конвергенц” болон “Зүүний бүгд найрамдахчууд”, “Зүүний хөдөлгөөн”, “Каталонийн ардчилагчид” намуудаас бүрдсэн “Тусгаар тогтнолын төлөө хамтдаа” эвсэл 135 суудалтай парламентад 63-66 гишүүнтэй болох бололтой. Энэ сонгуулийг тусгаар тогтнолын асуудлаар саналаа илэрхийлэх боломж гэж үндэсний үзэлт намууд зарласан аж. Салан тусгаарлагчид парламентад 68-аас доошгүй суудал авна гэж тооцоолж буй юм байна. Ингэж чадвал “тусгаар тогтнолоо олж авах” үйл явц хэрэгжиж, Засгийн газраа төвхнүүлж, хууль тогтоомжоо өөрчлөх бололцоотой болох гэнэ. Тэдний үзэж буйгаар 18 сарын дараа Каталони тусгаар тогтносон улс болох аж.Каталони нь Испанийн хөгжин цэцэглэж буй нэг бүс нутаг бөгөөд ДНБ-ийх нь тавны нэгийг үйлдвэрлэдэг. Каталони тусгаар тогтновол төв байр нь Барселонд байдаг олон компани дампуурах аюул учир ч мэдэх эрсдэлтэй. Түүнээс гадна Каталонийг Европын холбооны бүрэлдэхүүнд тэр дор нь оруулахгүйгээс тус холбооны орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо нь хүндрэх магадлалтай аж.