Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани CNN телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа “Сирийн Ерөнхийлөгч Башар Асад албан тушаалдаа үлдэх ёстой гэж дэлхийн улс төр хүлээн зөвшөөрлөө” гэж хэлжээ. Түүний үзэж буйгаар Башар Асад байхгүй бол тус улс “алан хядагчдын диваажин” болох аж. “Асадыг үлдээснээр алан хядагчдад эсэргүүцэл үзүүлж чадна. Сирийн одоогийн төр, засгийг бэхжүүлэхээс өөр арга алга” гэж тэрбээр хэлсэн байна. Салан тусгаарлагчидтай хийж буй тэмцэл мэдэгдэхүйц амжилт олсон нөхцөлд Сирийн Засгийн газрыг өөрчлөх эсэх асуудлыг ярьж болох юм. Чухам тэр л үед сөрөг хүчний дуу хоолойг сонсож, өөр төлөвлөгөө хэрэгжүүлэх ажилд орох боломжтой гэж Роухани үзэж байв.Сирийн талаар Орос, Ираны байр суурь “бараг ижил” байгаа гэж тэрбээр мэдэгджээ. Сирид алан хядах явдалтай тэмцэхэд нэгдсэн хүчин чармайлт гаргах, түүний дотор Дамаскийг дэмжихээр Москва төлөвлөж байгаа хэмээн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Ерөнхийлөгчид хэлсэн аж. Иран ч ийм байр суурьтай байгааг Хасан Роухани нотолсон байна.“Исламын улс”-ын эсрэг тэмцлийн төвийг Орос, Сири, Иран, Ирак улс хамтран Багдадад байгуулж буй талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Владимир Путин Америкийн телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа Орос улс Сирийн Засгийн газарт “зэвсэг нийлүүлж, цэргийнхнийг нь сургаж, ард түмэнд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлж” байгааг дурдсан байна. Энэ бүхнийг Сирийн Засгийн газрын хүсэлтээр, олон улсын ил тод гэрээний хүрээнд хийж буйгаа тэрбээр онцолжээ.