ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн CBS, PBS телевизийн сурвалжлагчидтай ярилцахдаа Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг албан тушаалаас нь зайлуулахад АНУ-ын гүйцэтгэсэн үүргийн талаар хөндсөн байна. “Украинд аж төрдөг асар олон хүнтэй бид хэлхээ холбоотой байдаг болохоор хэн, хэзээ, хаана уулзсаныг, юу хийснийг сайн мэднэ. Януковичийг унагасан хүмүүс, тэднийг хэн дэмжиж байсан, ямар хэмжээний мөнгө төлсөн, ямар улсын газар нутаг дээр хэрхэн бэлтгэлээ хангасан, хэн заавар зөвлөгөө өгсөн гэх мэт бүх юмыг бид мэднэ. Америкийн түншүүд ч юмаа нуухаа байсан” гэж Путин хэлжээ.Путин Орос улсаараа бахархдаг, дэлхий дахинд дорвитой үүрэг гүйцэтгэж байгаасай гэж хүсдэг нь Америкийн сэтгүүлчдэд анзаарагдсан бөгөөд Сирийн хувьд Москвагийн баримталж буй бодлого үүнийх нь нэг илрэл гэж тэд дүгнэсэн байна. Орос улс цөмийн зэвсэгтэй учраас дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг гэсэн сэтгүүлчийн тайлбарыг Путин зөвшөөрөөд, аливаа асуудлыг шийдэхдээ биднийг харгалзан үзэхгүй байх юм бол бид цөмийн зэвсэгтэй байх хэрэг юун хэмээн хариулсан байна.Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан оруудад оршиж байсан дэглэмийг “өнгөт” хувьсгал, төрийн эргэлт болон Үндсэн хуулийн бус аргаар халж сольж буй дотоод улс төрийнх нь маргаантай асуудлыг яагаад ч хүлээн зөвшөөрч боломгүй гэж үздэгээ Путин илэрхийлжээ. “Украины тусгаар тогтнолыг хүндэтгэн үздэг үү” гэсэн асуултад “Бусад улс ч улс орнуудын тэр дундаа Украины тусгаар тогтнолыг хүндэтгээсэй гэж хүсдэг. Тусгаар тогтнолыг хүндэтгэнэ гэдэг чинь төрийн эргэлт, Үндсэн хуулийн бус үйлдэл хийж, хууль ёсны эрх баригчдыг нь хууль бусаар солихгүй байна гэсэн үг. Орос улс ийм үйл ажиллагаанд хэзээ ч оролцож байгаагүй, оролцохоор зэхэж ч байгаагүй” гэж хариулжээ. Тэрбээр “Европт танай улсын цэргийн оролцоо бий юү” гэж сэтгүүлчээс асуугаад “Бий” гэсэн хариулт авсныхаа дараа “Европт АНУ-ын тактикийн цөмийн зэвсэг байгааг мартаж болохгүй. Та нар Германыг эзэлж авч, булаан эзлэгч цэргээ НАТО-гийн цэрэг болгож өөрчилсөн шүү дээ. Тэгсэн хэрнээ манай цэргийг аль нэг улстай залгаа хил дээрээ байрлаж байхад гэмт хэрэг гэж үздэг” гэж “сөрөг довтолгоон” хийсэн байна.