Өвөрмонголд 1961 оноос хойш тохиогоогүй их ган болж байгаа тул БНХАУ-ын Байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн хороо энэ сарын 27-ноос эхлэн гамшгийн дөрөвдүгээр зэргийн дэглэм тогтоожээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Өвөрмонголд долдугаар сараас хойш 100 мм-ээс дээш бороо ороогүй, унасан хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 40-90 хувь бага байгаа аж.
“Есдүгээр сарын 27-ны байдлаар тус өөртөө засах орны 11 хот, аймгийн 3.6 сая хүн гангийн улмаас хохирол хүлээж, 323 мянган га талбайн ургамал бүрэн устсан байна. Эдийн засгийн шууд хохирол 6.5 тэрбум юаньд хүрсэн” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Хойд хөршийн Буриадад ч ган болсны улмаас бэлчээр, тариалангийн тал хувь нь хатсан гэнэ. Засгийн газраас мал сүргээ аврахын тулд иргэдийг хадлан тэжээл бэлтгэхийг уриалж байна. Буриадад өнгөрсөн долдугаар сард онцгой байдал тогтоосон ч одоо болтол хангалттай хэмжээний хур бороо ороогүй л байгаа аж.
Идэш тэжээлгүйн улмаас хорогдохоос нь айсан малчид малаа олноор нядалж байгаа тул Улаан-Үдэд нэг кг үхрийн махны үнэ 6.43 рублиэр буюу 2.2 хувиар хямдарчээ. Буриадад гангийн улмаас 457 сая рублийн хохирол учирсан аж.
М.СУГАР-ЭРДЭНЭ