Төв Африкийн БНУ-ын нийслэл Банги хотод байдаг шоронгоос даваа гаригт 500 гаруй хоригдол оргожээ. Тэдний дотор онц аюултай хэрэгтэн 60 байгаа нь хоорондоо дайсагнагч лалын “Селека”, христийн “Антибалака” бүлэглэлийн дайчид аж. Шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Катрин Самба-Панса нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк руу явснаас тус улсад эмх замбараагүй байдал дэгдсэн байна. Тэгэхдээ хүчирхийлэл газар авсан нь лалын шашинт нэгэн эрийн цогцос сүмийн дэргэдээс олдсоноос үүдэлтэй гэнэ. Лалын дайчид Христийн шашинтнуудын оршин суудаг район руу дайрч, мөргөлдөөн болсноос хэдэн арван хүний амь үрэгджээ. Ерөнхийлөгчийн ордон руу жагсаж очихоор Банги хотын төвд цуглаад байсан хүмүүс рүү гал нээснээс наад зах нь зургаан хүн амиа алджээ. Жагсагчид болохоор өөрсдийг нь тараах гэж оролдсон энхийг сахиулагчдыг буу дуугаргасан хэмээн буруутгаж буй гэнэ. Сүүлийн хэд хоногт нийтдээ 42 хүний амь хохирчээ.2012-2014 онд Африкийн энэ улсад “Селека”, “Антибалака” хоёрын хооронд өргөн хүрээтэй зөрчилдөөн үүсэж, талууд эвлэрлийн гэрээнд 2014 оны долоо, 2015 оны тавдугаар саруудад гарын үсэг зуржээ. Үүнийг дэмжиж НҮБ-ын энхийг эрхэмлэгч хүчийг тийш нь илгээсэн юм байна.