Авлигын нэг бус хэрэгт нэр нь холбогдоод байгаа хэрнээ Йозеф Блаттер Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны ерөнхийлөгчийн суудлаа орхих бодолгүй байгаа гэж түүний нэг өмгөөлөгч Ричард Каллен нь мэдэгджээ. Түүний мэдэгдэлд “Эрх баригчидтай хамтарч ажиллаж буй бөгөөд хууль зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй тул ОУХБХ-ны ерөнхийлөгчийн албандаа хэвээр үлдэнэ гэж Холбооны хүмүүстээ Блаттер ярьжээ” хэмээн өгүүлжээ.
Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платинид мөнгө шилжүүлсэн тухайгаа Блаттер ярихдаа түүнийг 1998 оноос Холбооны ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буйн хувьд ФИФА-тай хамтарч ажиллаж буй тул хийсэн ажлынхаа зүй ёсны хөлсийг л авсан хүн гэж хэлжээ.Швейцарын холбооны хууль зүйн товчоо Блаттерийн эсрэг энэ сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг ажилдаа хайнга хандсан, мөнгө завшсан гэж сэжиглэж буй юм. Платинид хоёр сая швейцар франкийн хахууль өгсөн гэж үздэг. Платини ч мөнгө авснаа хүлээдэг ч тэр нь гэрээ ёсоор авах ёстой төлбөр байсан гэж хэлсэн байдаг.