ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Америкийн сэтгүүлч Чарли Роузын асуултад хариулахдаа хэлснээс үзвэл албан тушаалдаа үлдэх эсэх нь хоёр зүйлээс шалтгаалах аж. “Нэгдүгээрт, Үндсэн хуулиар тогтоосон дүрэм журам бий, түүнийг би зөрчихгүй. Хоёрдугаарт, энэ нь Орос улс болон дэлхийн дахины байдал, миний өөрийн санаа бодол зэргээс шалтгаална” гэсэн байна.Ажил албанаасаа хөндийрсний дараа харахад Орос улс нь өрсөлдөх чадвартай, улс орныхоо дотоодод болон эргэн тойронд нь тохиолдож буй өөрчлөлтөд уян хатан ханддаг, нийгэм, улс төрийн хөгжингүй тогтолцоотой орон болсон байгаасай гэж хүсдэгээ В.Путин сэтгүүлчид хэлжээ.
Түүнээс гадна Орос улс өөрийн эрх ашгийг хамгаалж чаддаг байх ёстой гэж тэрбээр үздэг аж. “Хүн ард маань жаргалтай, дэлхий дахины түншүүд маань Оростой харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж, эрмэлздэг байх” хэмээн нэмж хэлжээ. Орост дарангуйлагч биш, өөрийн бүрэн эрх, хууль, нийгмийн дийлэнх олонхийн ашиг сонирхлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг шударга удирдагч хэрэгтэй. Түүнчлэн улс орны дотоод, гадаадад болж буй өөрчлөлтөд соргог сэргэг, үр нөлөөтэй ханддаг нийгэм, төрийн шударга зарчим үгүйлэгдэж байна гэж үздэгээ В.Путин хэлсэн аж.