20 настай Мур бүсгүй саваагүйтэж, яст мэлхий сундалласнаасаа болж торны цаана сууж магадгүй болоод байна. Ийм явдал АНУ-ын Флоридад болсон бөгөөд тухайн мужийн хуулиар бол нэн ховордсон далайн яст мэлхийг дарамтлах (зүй бусаар харьцах), хууль бусаар өөрийн эзэмшилд байлгах, борлуулахыг хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Мур өнгөрсөн долдугаар сард далайн эрэгт амарч явахдаа яст мэлхий дээр суугаад зургаа авахуулж, фэйсбүүк хуудсандаа тавьснаас хамаг хэрэг үүджээ. Флоридагийн онгон байгаль, далайн амьтдыг хамгаалах комиссоор дамжуулан иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар бүсгүй шүүхийн хаалга татахад хүрчээ. Мурын зургийг авсан өөр нэг эмэгтэйг ч шүүх зүгээр өнгөрөөхгүй бололтой, мэдүүлэг авсан гэнэ.