Дүрвэгсдэд тусламж болгож НҮБ-д 1.8 тэрбум ам.доллар хандивлахаар “Их долоо” болон Европын холбооны хэд хэдэн орон, Персийн булангийн зарим улс тохирсныг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франц-Вальтер Штайнмайер мэдэгдэв. Энэ санаачилгад Герман, Австри, Нидерланд, Норвеги, Швед, Швейцарь, Кувейт, Катар, Саудын Араб, Турк, Арабын нэгдсэн Эмират зэрэг 15 улс нэгдсэн бөгөөд мөнгөө НҮБ-ын Хүнсний хөтөлбөр мэтийн хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулна гэж Германы сайд тодруулсан байна.
Дүрвэгсдийн ямар ч хяналтгүй урсгал эрс нэмэгдэж байгаагаас Европт хямрал нүүрлээд буй юм. Энэ оны эхнээс Европын холбооны улсуудын хилийг 500 мянга гаруй дүрвэгч гатлаад байгаа. Ойрын хоёр жилд энэ тоо доод тал нь 800 мянгад хүрнэ гэж НҮБ таамаглаж байгаа. Итали, Грект ирээд байгаа 120 мянган дүрвэгчийг Европын орнуудад тараан байршуулах төлөвлөгөөг Европын холбооны зөвлөл өнгөрсөн сарын 22-нд сайшаасан билээ. Тус холбооны гишүүн орнуудын ихэнхийнх нь саналаар ийм шийдвэр гаргахад Чех, Унгар, Румын, Словак, Финланд улсууд түдгэлзсэн байдаг.