Орчин цагийн өндөр хүчин чадалтай, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл бүхий бүс Орос улс байгуулж буй бөгөөд энэ нь “Исламын улс”-ын эсрэг чиглээгүй нь илт гэж Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий командлагч, генерал Филип Бридлав мэдэгдэв.Түүний хэлснээс үзвэл хянаж буй орон зайд нь болзошгүй дайсан орж ирэхэд саад хийх арга хэмжээг тэнд Орос авч буй аж. Калининградад Орос ийм район нэгийг байгуулчихаад 2014 оноос Крымд бий болгож эхэлжээ.
Одоо Сирид байгуулж байгааг нотлох зүйл ажиглагдаж байгаа гэнэ.Агаараас эсэргүүцэн хамгаалах орчин үеийн систем, агаарт эзэрхлээ тогтоох зориулалттай өнөө цагийн онгоцнууд Сирийн буудлууд дээр байхыг бид харж байна. Энэ бүхэн яав ч “Исламын улс”-ын эсрэг чиглээгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ бүх зэвсгийг Орос сөргүүлэн хэрэглэхээр Агаарын цэргийн хүчин энэ бүлэглэлд байхгүй гэж генерал Бридлав хэлсэн байна. Түүний үзэж буйгаар ийм хүчийг Левантед байлгах болсон нь Оросын цэргүүдийг Сирийн нисэх болон хөлөг онгоцны буудлуудад авчрах зорилгоос нь үүдэлтэй аж. Цаашилбал, Башар Асадын дэглэмд дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Ингэж байж л “Исламын улс”-ын эсрэг тэмцэл явуулах, энэ нь дээрх хоёр зорилгоо халхлах, тус бүс нутагт Оросын цэрэг байх явдлыг хууль ёсных болгоход чиглэж буй гэж генерал Бридлав үзэж байна.
Газар дундын тэнгисийн зүүн талд цэргийн хүчин чадлаа Орос ийн бэхжүүлж буйд НАТО зохих хариу барих нь зүй гэж тэрбээр хэлжээ.Сирид Оросын Агаарын цэргийн хүчний нисэх онгоц, нисдэг тэрэг есдүгээр сарын эхнээс үзэгдэж эхэлсэн төдийгүй наад зах нь наймдугаар сараас Сири рүү Оросын цэргийн зориулалттай ачаа зөөх нь эрчимтэй нэмэгдсэн аж. Гэтэл Оросын нисэх хүчнийг Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгөхөд ашиглах талаар мэдэгдсэн юм ер байхгүй гэж Кремль тайлбарлаад байгаа.